Шууд Chart

Хувийн хэвшлийнхний өрийг улсын өрд хамруулахгүй байх нь буруу гэв

2015-04-13 15:30:27

УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж байнгын хороо болон чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүд дээр байр сууриа нэгтгэжээ.

Хамгийн эхэнд Казиногийн тухай хуулийн төслийн талаар ярилцаж бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүн асан, хуульч Ц.Шаравдоржийг урьж дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна. Ингээд одоогийн өргөн барьсан 25 зүйлтэй Казиногийн тухай хууль бол төдийлөн сайн бэлтгэгдсэн хууль биш юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн гэдгийг эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хэлсэн юм. Учир нь казиногийн бизнесийг оруулж ирж эдийн засгийн хямралыг давна гэсэн өнгөцхөн дүгнэлт хийх юм бол сөрөг үр дагаврууд их гарна. Харин эрсдэл, байгуулах газар, дунд болон урт хугацаанд нэлээд ажиллаж байж эдийн засгийн үр өгөөжөө өгөхөөр тооцож байвал дэмжих юм байна. Тиймээс Казиногийн хуулийн талаар УИХ-ын дахь нам, эвслийн бүлгийн дарга нарт дахин ярилцах санал хүргүүлэхээр болжээ.
 
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ихэнх хувийг орон нутагт төвлөрүүлэхээр УИХ-аар хэлэлцэж байгаа. Тухайн орон нутагт уул уурхайн хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бол хайгуулын тусгай зөвшөөрөл авсны төлбөрийн хэмжээний 50 хувийг тухайн орон нутагт үлдээх, хэрэв олборлолт явуулж байгаа бол нөөц ашигласны төлбөрийн 33 хувийг орон нутагт үлдээх хуулийн нэмэлт санаачилсныг Эвслийн бүлгийн гишүүд дэмжихгүй гэдэгт санал нэгдсэн байна. Учир нь уул уурхайн салбарын томоохон стратегийн ордуудаа хөгжүүлж, асуудлаа шийдэж чадаагүй байж хайгуул хийхийг орон нутагт урамшуулал олгох маягаар хандах нь зохимжгүй. Энэ нь эргээд байгаль, экологийн болон нийгэм эдийн засгийн хохирол үзүүлнэ хэмээ үзжээ. Түүнчлэн манай улс орон нутагтаа тэнцвэртэй хөгжлийн бодлого баримталж явах ёстой атал зөвхөн уул уурхай дагасан сум орон нутагт илүү бололцоо олгох замаар явах нь тэнцвэртэй бодлого алдагдахад хүрнэ, тиймээс энэ Төсвийн тухай хуульд орж байгаа өөрчлөлт үндэслэл муутай байна гэсэн юм.
 
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж эрчим хүчний салбарын зээлийг улсын өрд оруулахгүй байх талаар заалтад санал нэгдэж Засгийн газраас өргөн барьж байгаа нь мөн л үндэслэлгүй гэж үзэж байна гэдгийг бүлгийн дарга хэлсэн. Улсын өр гэдэг бол зөвхөн Засгийн газрын өр биш, нийт аж ахуйн нэгжүүдийн дотоод, гадаад өр ч мөн хамаардаг. Гэтэл Оюутолгой дээр байгаа өр улсын өрд ороогүй байхад дахиад дээрээс нь эрчим хүчний салбарын хувийн хэвшлийн гадаад зээлийн өрийг улсын өрд оруулахгүй байна гэдэг бол буруу шийдвэр гэж үзэж байгаа ажээ.
 
Үүнээс гадна эвслийн бүлэг Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг дэмжиж байгаа гэдгээ хэлсэн бол УИХ-ын 2015 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд мөн л шүүмжлэлтэй байр сууринаас хандаж байгаа гэдгээ хэллээ. Учир нь нийгэмд хүлээлт үүсгэсэн, улс төрийн хүрээнд цэгцлэх ёстой хуулийн төслүүдийг дэндүү хойгуур тавьсанд шүүмжлэлтэй хандаж байгаа гэлээ. Тухайлбал, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Өршөөлийн тухай, Сонгуулийн тухай зэрэг хуулийн төслүүдийг нэн яаралтай тавдугаар сарын хагас гэхэд хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд уг саналыг УИХ-д хүргүүлэх ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хувийн хэвшлийнхний өрийг улсын өрд хамруулахгүй байх нь буруу гэв  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй