Шууд Chart

Д.Тэрбишдагва: УИХ баяр далимдуулж хууль баталдаг байдлаа цэгцлэх хэрэгтэй

2015-04-13 16:04:10

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва УИХ-ын нэгдсэн чуулганы завсарлагаа, хаалтын өмнө баяр далимдуулан чухал хуулиудыг баталдаг байдалд улс төрчидтэй хамтран судалгаа хийсэн байна.  Манай улс 2006 оноос хойш нийт 197 хуулийг баяр дөхүүлж баталсан байна. Үүнд, Үндсэн хуулийн өөрчлөлт хүртэл багтсан талаар тэрбээр ярилаа. УИХ-аар Үндсэн хуульд хоёр удаа өөрчлөлт оруулахдаа хоёуланг нь баяртай давхцуулж байжээ. Дээрх 197 хуулийг ажиглавал бүгд олон нийтэд хүлээлт үүсгээд байсан улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой хуулиуд аж. Үүнээс үзвэл чухал хуулиудыг олон нийтийн санаа бодол өөр зүйлд чиглэгдсэн үед иргэдийн анхаарлаас гадуур баталдаг нь харагдаж байгаа юм. Харин ингэж баталж буй шалтгаан нь улс төрийн лобби, авлигатай холбоотой байж болно гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж байна.

Одоо ч уг байдал хэвээр байгаа бөгөөд чухал хуулиудыг цагт баригдан олонхийн саналаар хүч түрэн баталж байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь эзэмших тухай хууль зэрэг ашигт малтмал, уул уурхайтай холбоотой хуулийг Цагаан сарын өмнөх өдрүүдэд заримыг нь бүр битүүний өдөр хэлэлцэж, баталсан асуудал байгаа юм.
 
Баяр дөхүүлж яарч, сандран хууль батлах нь маш олон сөрөг талтайг Д.Тэрбишдагва гишүүн хэллээ. Тухайлбал, хууль дутуу, дулимаг батлагдаж нийгэмд гарах сөрөг үр дагавар нь ихсэх, хэрэгжилт нь муудах зэрэг олон талтай аж. Мөн энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр төлөвлөгдөөд буй Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Өршөөлийн тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль зэрэг олон чухал хуулийг мөн л  наадмын өмнөхөн батлахаар оруулж иржээ. Эдгээр хуулиудыг өмнөх хуулиуд шиг алдаатай батлахгүйн тулд эртхэн хэлэлцэх ёстойг тэрбээр мөн санууллаа. Тухайлбал, ирэх сарын ихээр хэлэлцэж маш сайн чамбайруулж байж батлах шаардлагатай гэв. Тиймээс уг хуулиудыг урагш нь татаж хэлэлцэх асуудлуудын эхэнд тавиулах саналыг Д.Тэрбишдагва гишүүн гаргах юм байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Тэрбишдагва: УИХ баяр далимдуулж хууль баталдаг байдлаа цэгцлэх хэрэгтэй  
Үзсэн: 1611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй