Шууд Chart

Хүүхдийн эрхийн нэмэлт Конвенцийг батлахыг дэмжлээ

2015-04-14 14:57:33

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тухай 176 дугаар конвенцид нэгдэх орох талаар хэлэлцлээ. Уул уурхайн сайд Р.Жигжид энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, тус салбарт ажиллагсдын дунд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн түвшин буурахгүй, харин ч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нэмэгдэх, амь насаа алдах зэрэг илүү ноцтой хэлбэрүүд бүртгэгдсээр байгаа нь уул уурхайн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангалтгүй байгааг харуулж байна. Иймээс тус салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцааг зохицуулж буй эрх зүйн зохицуулалтыг эргэн харж, салбарын онцлог болон улмаар олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож хэрэгжилтийг хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагын үүднээс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 82 дугаар бага хурлаар баталсан “Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох асуудлыг санаачлан холбогдох шийдвэрийг гаргуулан ажиллаж байна гэлээ.

Уг конвенц нь 1998 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд 2013 оны байдлаар АНУ, ХБНГУ, Өмнөд Африкийн БНУ, Австри, Бразил зэрэг нийт 26 орон нэгдээд байгаа аж. Энэ конвенцид газрын тос, байгалийн хий олборлохоос бусад төрлийн ил болон далд уурхайн үйл ажиллагаа хамаардаг агаад уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн доод хэм хэмжээг тогтоож, төр, ажил олгогч, ажилчдын үүрэг хариуцлагыг тодорхой заасан байна. Конвенцийг батлан хэрэгжүүлэхэд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс мэдлэг, мэдээлэл дамжуулах, үндэсний хэмжээний чадавхийг бэхжүүлэх зэргээр техникийн туслалцаа үзүүлэх боломжтой аж. Ингээд конвенцид нэгдэн орсныг зөвшилцөж, Засгийн газарт гарын үсэг зурах эрх олгох талаар санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 12 нь буюу 75 хувь нь дэмжив.
 
Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж соёрхон батлуулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулсан юм.
 
Манай улс 1990 онд “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцийг соёрхон баталж, улмаар “Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг” Нэмэлт протоколд 2003 онд, “Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг” Нэмэлт протоколд 2004 онд тус тус нэгдэж оржээ. Хүний эрхийн чиглэлээрх олон улсын бүх гэрээ, конвенциудад уг конвенцийн зүйл, заалтыг зөрчсөн улс орнуудаас гомдол хүлээн авч, хянан хэлэлцэх зохицуулалт тусгасан байдаг бол хүүхдийн эрхийн конвенци нь ийм механизмгүй учраас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт протоколыг баталж, 2012 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Женев дэх НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүн орнуудаас гарын үсэг зурах, соёрхон батлуулах ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ. Одоогоор уг Нэмэлт протоколд дэлхийн 14 улс нэгдэн орж, 46 улс гарын үсэг зураад байгаа ажээ.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хүүхдийн эрхийн нэмэлт Конвенцийг батлахыг дэмжлээ  
Үзсэн: 1108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй