Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцуулгыг сонслоо. Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчдийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцууллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулж, энэ сарын хоёрны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, Г.Алтанчимэг, П.Золзаяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд шүүхийн нэр хүнд унаад байгааг нэр дэвшигчдэд сануулан хэлж байлаа. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, шүүх мөнгөтэй хүмүүсийн хүслээр шийдвэр гаргадаг болсон хэмээн шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, шүүгчийн сонгон шалгаруулалтын зарим шалгуурыг обьектив, ил тод болгох шаардлагатай хэмээсэн. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар иргэддээ илүү үйлчлэн, хүний эрхийг дээдлэн шударга ажиллаж, эрх мэдэлд бага үйлчлээрэй хэмээж байлаа. Түүнчлэн хүнийг хэлмэгдүүлж хохироолгүй, үндэслэлтэй ухаалаг шийдвэр гарган, шүүхийн нэр хүндийг өргөж ажиллаарай гэж захилаа.
Улсын дээд шүүхийн шүүгчдийг байнгын хорооны гишүүдэд танилцуулав | ||
Үзсэн: 1414 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.