Шууд Chart

“Танан гарьд” цувралыг 3:2-оор тэргүүлж эхэллээ

2015-04-14 17:21:32

Үндэсний Супер Лигийн Плэй-оффын хагас шигшээ цувралын тав дахь тоглолтыг  "Дорнод Танан Гарьд" , "SBL Хасын Хүлэг" багууд хийлээ. Хоёр багийн цуврал 2:2 болж тэнцээд байсан юм. Тоглолтын эхний хагаст "Гарьдууд"-аас Ихбаяр, Мөнхболд нар 10-аас дээш оноог авч сайн тоглолт үзүүлсэн бол "Хүлэгүүд"-ээс Билгүүн, Ray George нар тоглолтоо сайнүзүүлж байлаа.

Эхний хагас 41:44 харьцаатай "Хүлэгүүд"-ийн онооны илүүгээр өндөрлөсөн юм. Хоёрдугаар үед "Хүлэгүүд"-ийн довтолгоо сайн байж, тоогоор илүү гарч чадсан юм. Гэсэн ч гуравдугаар үед "Гарьдууд" тун сайн тоглолт үзүүлж чадсан.

Ялангуяа эхний хагаст даруухан байсан Antonio Jones энэ үед сайн байж, олон оноог дараалан авч, бөмбөг таслалт хийж байснаар "Танан Гарьд" онооны зөрүүг үүсгэж чадсан. Мөн төвийн тоглогч Дорждагвын довтолгоо оновчтой болж оноо болж байлаа.

Гуравдугаар үе 73:65 харьцаатай "Гарьдууд"-ын давуу байдлаар өндөрлөсөн юм. Улмаар тоглолтын төгсгөлийг "Гарьдууд" сайн хийж, тооны зөрүүг 20 болгосноор "Хүлэгүүд"-ийн хувьд хүнд цохилтонд орсон юм.

"Хүлэгүүд"-ийн хамгаалалт энэ өдөр тийм ч сайн байсангүй. Ингэснээр "Танан Гарьд" баг 110:87 харьцаатай ялалт байгуулж, цувралыг 3:2-оор тэргүүлж эхэллээ. Тэднээс Antonio Jones энэ өдөр багаа тэргүүлж 28 оноо, 10 самбар, долоон дамжуулалт хийсэн бол Mitchell Anderson 18 оноо, 16 самбар, Ихбаяр 17 оноо, Ууганбаяр 14 оноо, 10 самбар, Дорждагва 13 оноо, 11 самбар, Мөнхболд 13 оноог авч, бусад дөрвөн тоглогч нь "Дабль дабль" хийлээ.

Харин "Хүлэгүүд"-ээс Билгүүн 19 оноо, 10 самбар, Ray George 15 оноо, Phil Jones 10 оноог авсан байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Танан гарьд” цувралыг 3:2-оор тэргүүлж эхэллээ  
Үзсэн: 1189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй