
Өнгөрөгч 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Матад сумын заагт хээрийн түймэр гарч, Сүхбаатар аймгийн түймрийг цурманд оруулсан бол Дорнод аймагт гарсан галыг албаныхан унтрааж чадахгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өчигдөр үдээс хойш боссон их салхинаар Сүхбаатар аймгийн цурманд орсон байсан гал дахин асч, цурамнаасаа гарч гамшгийн байдалд очтолоо хүндэрсэн байна. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр түймэр сумын төв рүү орж ирлээ гэж байсан юм. Энэ талаар тус аймгийн Гамшгаас хамгаалах төвийн бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Г.Батгэрэлтэй холбогдож тодрууллаа.
-Галыг цурманд оруулж чадав уу?
-Онцгой байдлын албан хаагчид бүхий л нөөц бололцоогоо ашиглан томоохон галуудыг цурманд оруулж чадсан. Салхины хүч их байгаа болохоор бүрэн унтраахад хүндрэл учирч байна.
-Өчигдөр оройны мэдээгээр түймэр Түмэнцогт суманд орж ирж байна гэж байсан. Сумын төв рүү орчихсон уу. Айл өрхүүдийг хэрхэн нүүлгэн шилжүүлж байна?
-Түймэр сумын төв рүү 500 орчим метрт орж ирсэн. Гэхдээ тэрхүү галыг цурманд оруулж, унтрааж, галын чиглэлийг өөрчилж чадсан. Одоо сумын иргэдэд аюулгүй болсон. Харин түймэр гарсан газруудад нэлээд олон тооны мал, айлын гэр, хороо хот сүйдсэн мэдээ байна.
-Энэ талаар тодруулбал, урьдчилсан байдлаар хичнээн айл түймэрт өртсөн бэ. Хүний амь эрсэдсэн тохиолдол гарав уу?
-Хүн эндсэн гэх мэдээлэл одоогоор алга. Урьдчилсан байдлаар 10 орчим айлын хороо хот, гэр орон, тодорхой хэмжээний мал түймэрт өрсөн гэх мэдээллийг өгөөд байна. Тодорхой, нарийвчилсан мэдээлэл түймрийг бүрэн унтраасны дараа гарах болно.
-Хүн хүч нэлээд дутагдаж байгаа талаар цахим ертөнцөөр шуугиж байсан. Нийслэлийн Онцгой байдлын газраас нэмэлт хүч, багаж хэрэгслээр туслалцаа үзүүлсэн үү. Өчигдрийг хэрхэн давж гарав?
-Нэлээд хүндрэл гарлаа. Түймэр гамшгийн хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Хэнтий, Дорноговь аймаг болоод аймгийн Онцгойгийн албан хаагчид, сумдын аврах албаныхан гээд 247 хүний бүрэлдэхүүнтэй, 26 авто машин түймрийг унтраахаар ажиллаж байна. Ерөнхий газраас бидэнд болоод аймгуудын аврах албаныханд үүрэг өгч, түймрийн бүс рүү илгээж байгаа.
-Өглөө Сүхбаатарт цас орж эхэллээ гэж байсан. Одоо цас орж байна уу?
-Өглөө 09:00 цагийн үед нүдгүй цасан шуурга тавьж байсан бол одоо намжсан байна.
Г.Батгэрэл: Түймэр сумын төв рүү 500 орчим метрт орж ирсэн | ||
Үзсэн: 1672 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.