![](/uploads/201504/news/thumb/a3af97380a88ab59f12dfb90f236ff9c_x3.jpg)
Япон улсын Засгийн газрын Соёлын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “МҮОНРТ-ийн программын санг баяжуулах төсөл”-ийн хүрээнд NHK-гийн 39 сэдвийн 390 контент хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр МҮОНРТ-ийн байранд боллоо.
“МҮОНРТ-ийн программын санг баяжуулах төсөл”-д Японы соёл, ахуй амьдрал, техник технологийн хөгжил зэргийг танилцуулах баримтат нэвтрүүлэг болон ЕБС-ийн сурагч багачуудад зориулсан боловсролын нэвтрүүлгүүд байгаа аж. Эдгээр контент ойролцоогоор 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 27 сэдвээр хийсэн 162 баримтат цуврал, 12 сэдвээр бэлтгэсэн 228 сургалт, боловсролын нэвтрүүлгээс бүрдсэн юм.
Төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд Япон улсаас манайд суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Такенори Шимүзи, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, JAICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Муцуми Сато, Японы NHK интернэшнл корпорацийн захирал Макото Харада тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Энэ үеэр Т.Шимүзи сайд “Монгол хэлээр орчуулсан нэвтрүүлгээр дамжуулан хоёр улсын харилцан ойлголцол улам гүнзгийрнэ гэж итгэж байна. Мөн монголчууд япон хүн, япон соёлын талаар илүү ихийг ойлгож, өөрсдийн ажил амьдралд тодорхой хэмжээгээр хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна” гэсэн юм.
Харин МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь “Нэг жилийн өмнө төслийг эхлүүлэхээр яриа хэлэлцээрийг хийж байх үед МҮОНРТ хүүхдийн нэвтрүүлгийг олон улсын стандартын дагуу хийхэд ихээхэн зардал мөнгө, хүндрэл бэрхшээлтэй тулгардаг гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс олон жилийн туршлагатай NHK–ээс хүүхдийн нэвтрүүлгийг авах нь зүйтэй юм аа гэдэг санал дээр тогтсон юм. NHK телевиз хүүхдийн болоод боловсролын нэвтрүүлгээр их өндөр түвшинд хөгжсөн байдаг. Япон хүний хөгжил нь тэрхүү үзэж өссөн нэвтрүүлгүүдээсээ эхлэлтэй байж болох. Иймээс авч буй нийт контентийн гуравны нэг нь сурагч багачуудад зориулсан боловсролын чиглэлийн бүтээлүүд байгаа. Үлдсэн хувь нь Япон улсын шинжлэх ухаан технологийн салбарт амжилт олсон баримтат нэвтрүүлгүүд байгаа юм” хэмээн онцолж байлаа.
Япон улсын Засгийн газраас МҮОНРТ-д нийт 39 сэдвийн 390 нэвтрүүлэг /контент/ нийлүүлж байна. Эдгээр нэвтрүүлэг нь долоо хоног бүрийн ажлын өдрүүдэд 18:00-18:30 цагийн хооронд MN2 сувгаар цацагдаж эхэлсэн ба тусгай дугаар энэ долоо хоногийн бямба гарагт 9:30 цагаас МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар гарах юм.
Энэхүү “МҮОНРТ-ийн программын санг баяжуулах төсөл” нь манай улсад Японы Соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй 25 дахь төсөл бөгөөд Япон улс өнөөг хүртэл манайд нийтдээ 25.7 тэрбум төгрөгтэй дүйх хэмжээний соёлын буцалтгүй тусламж үзүүлж, Монголын соёл, боловсролын салбарт хувь нэмрээ оруулаад байгаа юм.
Японы Засгийн газрын тусламжаар МҮОНРТ-д 390 контент нийлүүллээ | ||
Үзсэн: 2251 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.