Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг сонслоо. Нэр дэвшигчдийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцуулсан бол энэ талаарх санал дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат танилцуулсан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулж Г.Алтанчимэг, П.Золзаяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Хосбаяр нар тэнцсэн байна. Тиймээс Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Ерөнхийлөгч өргөн мэдүүлснийг ийнхүү УИХ-д танилцуулж байгаа юм. Өнгөрсөн мягмар гарагт Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг сонсож байр сууриа илэрхийлсэн.
Шүүхийн багц хуулийн дагуу анх удаа дээд шүүхийн шүүгчдийг томилохдоо ийнхүү УИХ-д танилцуулж байна. Чуулганы үеэр гишүүд асуулт асууж саналаа хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ шүүхийн нэр хүнд олон нийтийн өмнө унасан гээд Дээд шүүхийн дээр хүний эрх гэдэг зүйл байх ёстой гэсэн юм. Мөн шүүгч нарын цалинг нэмэгдүүлээд хараат бус байдал үнэхээр үүсэх үү гэдгийг тодрууллаа.
Мөн шүүгчийн сонгон шалгаруулалтын үеэр Ч.Хосбаяр шүүгчтэй холбоотой маргаан үүссэн, одоо ч энэ маргаан шийдэгдээгүй байхад Ерөнхийлөгч энэ хүнийг оруулж ирж байгаа нь захиалгат шүүгч гэдэг ойлголтыг төрүүлж байна гэсэн юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүхэд итгэх олон нийтийн итгэл доод түвшинд хүрснийг нотолж байсан. Шүүх бол олон түмний итгэл дээр тогтож байдаг. Тиймээс шүүгчдийн нэр хүнд сайнгүй байгаа гэдэгт З.Баянсэлэнгэ гишүүнтэй санал нэг байна гэлээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа шүүхийн шинэтгэлийн арга хэмжээний дүнд тэдний нэр хүнд өсөх хандлагатай байгаа гэсэн юм.
Шүүгчдийн цалингийн хэмжээг эдийн засгийн хувьд хараат бус байх, амьдрал ахуйд нь хүрэхүйц байх гэсэн заалттай. Үүнд нийцүүлж цалингийн хэмжээг тогтоосон. Тиймээс шүүгч нарт Монголын төр хангалттай цалин өгч байгаа учраас бид хараат бус ажиллах ёстой гэсэн итгэл байгаа гэж үзэж байна гэсэн юм.
Хуралдаан үргэлжилж байна.
Улсын дээд шүүхэд захиалгат шүүгч очиж байна гэв | ||
Үзсэн: 2147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.