Шууд Chart

Манай улсын 103 иргэн гадаадад ял эдэлж байна

2015-04-17 16:19:05

Өнгөрөгч 2014 онд хилийн чинадад манай улсын 297 иргэн гэмт хэрэгт холбогдсон байна. Мөн 19 оронд 165 иргэн ял эдэлж байснаас гадна 122 иргэн суллагдсан буюу албадан буцаагдсан бөгөөд дээрх иргэдийг эх оронд нь буцаах асуудлыг холбогдох Дипломат төлөөлөгчийн газрууд суугаа орны эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлжээ. Түүнчлэн 2014 онд хилийн чинадад 86 иргэн нас барсан байна. Энэ талаар өнөөдөр  Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Н.Батаа мэдээлэл хийсэн юм.

Энэ  оны дөрөвдүгээр сарын байдлаар гадаадын 13 оронд манай улсын 103 иргэн ял эдэлж байгаа аж. Үүнээс БНХАУ-ын Зэ Жиан мужийн Ханжоу хотын Эмэгтэйүүдийн хорих газар хар тамхины хэргээр хоригдож байсан Монгол Улсын иргэнийг Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан ялтан солилцох гэрээний дагуу нэгдүгээр сард дотоодын холбогдох байгууллагатай хамтран эх оронд нь шилжүүлэн авчрах ажлыг зохион байгуулсан бөгөөд 2015 онд багтаан БНХАУ-д ял эдэлж буй гурав, БНСУ-д ял эдэлж буй хоёр монгол иргэнийг ялтан шилжүүлэх хэлэлцээрийн дагуу эх оронд нь шилжүүлэн авчрахаар ажиллаж байгаа гэдгийг мэдэгдлээ. Мөн оны эхний дөрвөн сарын байдлаар хилийн чинадад 33 иргэн нас баржээ.
 
Дээрхээс гадна өнгөрөгч 2014 онд Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тахарын ерөнхий газар болон холбогдох Дипломат төлөөлөгчийн газартай хамтран Бүгд Найрамдах Чех Улсад ял эдэлж байсан нэг, Бүгд Найрамдах Солонгос Улсад ял эдэлж байсан хоёр, Бүгд Найрамдах Казахстан Улсад эдэлж байсан хоёр иргэнийг шилжүүлэн авах ажлыг хэрэгжүүлжээ.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Манай улсын 103 иргэн гадаадад ял эдэлж байна  
Үзсэн: 1481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
сараа [27.123.214.xxx] 2016-11-24 13:37
хөөрхий тэр хүмүүсийг бүгдийг нь аваад ирж болохгүй л юм байх даа. эх оронд нь амьдрах орчин нь байвал хэн л тэгээд гадаадад гарч хүнд хар тамхи энэ тэр зөөж өгөх вэ дээ.

Бидэнтэй нэгдээрэй