Шууд Chart

Н.Номтойбаяр: Тавантолгойн гэрээний хоёр хувилбар байж ч мэдэх юм

2015-04-20 13:20:19

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хурлаа хийж Сонгуулийн нэгдсэн хуулийн талаар гишүүд санал солилцсоноос гадна Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар санал солилцсон байна. Гэр хороолын дахин төлөвлөлтийн хүрээнд үүсээд байгаа нөхцөл байдал дээр МАН-ын гишүүн Нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазараар ахлуулсан ажлын хэсэг гарч өнгөрсөн долоо хоногт гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийн дор болж байгаа хууль бус ноцтой үйлдлүүдтэй газар дээр нь очиж танилцжээ.

Энэ талаар Д.Сумъяабазар гишүүн "Нэг метр кв газрыг 70-80 мянган төгрөгөөр үнэлж байгаа нь үл ойлголцлын шалтгаан болж байгаа юм байна. Үүнийг ам.долларт шилжүүлэхэд 30-37 доллар болж байгаа юм. Гэр хорооллын 0.7 га газруудыг жижиг кв.метртэй байраар солих нь ажлын явцыг хүндрүүлж байна. Энэ нь 17-20 гаруй кв.метр байраар газраа солих нь иргэдийн бухамдлыг төрүүлж байгаа юм байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нэхмэлийн шарын байруудад дахин төлөвлөлт хийх компанийг иргэд хууль бус гэж үзэж байгаа юм байна. Өчигдөр Хан-Уул дүүрэг дээр ажиллахад иргэд энэ асуудлыг хүчтэй ярьж, холбогдох хүмүүст нь дуулгаж өгөхийг хүссэн. Дахин төлөвлөх байршлаа бүрэн чөлөөлж чадалгүй 1-2 айлын хашааг чөлөөлж, нүх ухаад хундаам цутгасан байдал нийслэлийн дахин төлөвлөлтийн 24 байршлын 90 хувь дээр нь байна. Хөрөнгө оруулагчид Монгол Улсын барилгын норм, дүрэм стандарт, хөгжлийн тушаа болж байна гэж үзэж буйгаа хэлсэн. Иргэдийн дунд дахин төлөвлөлт маш их хүлээлт бий болгосон байна. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд хашаа, байшингаа эргэлтэд оруулах, засвар үйлчилгээ хийх боломж нөхцөл нь зогссон байгаа юм байна. Ялангуяа төвийн байршлууд дээр иргэд өөрийн хүсэлтийн дагуу орон сууц авах эс бол өөрсдийн хаус хорооллоо барих хүсэлтээ илэрхийлж байгаа юм билээ" гэсэн юм.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяраас Тавантолгойн төслийн гэрээний талаар дараах тодруулгыг авлаа.

-Өнгөрсөн бодоо хоногт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Тавантолгойн төслийн гэрээний талаар хэлэлцсэн гэсэн. Энэ талаар бүлэг дээр ярьж, байр сууриа нэгтгэсэн үү?
-Гишүүдэд болон манай бүлэгт энэ талаар мэдээлэл ирээгүй байна. Байр суурь бол тодорхой байгаа. 2.1 сая иргэний эзэмшдэг 1072 ширхэг хувьцаанд оногдох ноогдол ашгийг иргэд маань хүртэж байх шаардлагыг МАН-ын бүлгийн зүгээс удаа дараа тавьж байгаа. Хоёрдугаарт, Монгол Улсын хууль тогтоомж, үүн дотроо татвартай холбоотой хууль тогтоомжийн дагуу энэ асуудал шийдэгдэнэ. Мэдээлэл орж ирмэгц энэ асуудлын талаар өмнө нь судлаж байсан ажлын хэсэгтэй ярилцаж байгаад тодорхой байр суурь гаргах байх.
 
-УИХ-ын даргын зөвлөхөд Тавантолгойн гэрээний нэг хувь байгаа юм шиг ярьсан. Тэгэхээр энэ гэрээний талаар бүлгийн гишүүдэд ямар ч мэдээлэл очоогүй гэж үү?
-Хаврын чуулганы нээлтэн дээр УИХ-ын дарга тухайн өдрийн өглөө Гадаад хэргийн яам болон Хууль зүйн яаман дээр тухайн гэрээний төсөл хэлбэрийг татаж тодорхой байр сууриа илэрхийлсэн байгаа. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл их хуралд энэ асуудлыг өргөн бариагүй байна. Тэгэхээр тухайн үед гэрээний төсөл бэлэн болчихсон байсан юм бол яагаад өнөөдрийг хүртэл өргөн баригдаж тараагдахгүй цаг хугацаа алдаад байгаа юм бэ. Энэ гэрээний төслийг орж ирмэгц хаврын чуулганы нээлтийн өглөө байсан гэрээ одоо орж ирэх гэрээ хоёрыг харьцуулж үзэх шаардлагатай. Яагаад ингэж цаг хугацаа алдаад байгаа нь гайхширал төрүүлээд байна. Тэр өдөр нь л өргөн барьчихаж болох байсан шүү дээ. Тэгэхээр гэрээний хоёр загвар явж байж болох юм.
 
-Тавантолгойн төслийн гэрээн дээр МАН-ын бүлэг хоёр хуваагдсан гэсэн яриа гараад байгаа. Энэ үнэн үү?
-Тавантолгойн гэрээтэй холбоотой асуудал бүлгийн хурал дээр орж ирж яригдаагүй. Тэгэхээр яригдаагүй учраас санал асуулга бол явагдаагүй. Хоёр хуваагдлаа гэдэг бол ташаа мэдээлэл байна.
 
-МАН-ын бүлэг Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслөө буцаан татаж авах талаар мөн яриа гараад байгаа?
-Ард нийтийн дунд санал асуулга явуулах тогтоолын төслийг өргөн бариад 10 хонож байна. Засгийн газраас хараахан хариу өгөөгүй байна. Хуулийн хугацаа дуусаагүй байгаа. Гэхдээ заавал хуулийн хугацааг дуустал хүлээх ёстой юу гэдэг талаар өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд асууж лавлана. Ардчилсан намын дарга З.Энхболд сэтгүүлчидтэй хийсэн зангиагүй уулзалтын үеэр энэ бол ард түмний хүсэл зорилгод нийцэхгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна лээ. Гэхдээ энэ талаар Засгийн газарт тодорхой байр суурийг илэрхийлж, шаардаж ажиллах болно. МАН ард нийтийн санал асуулгын хуулийн төслөө буцааж татлаа гэсэн яриа яваад байсан. Бид хэзээ ч энэ хуулийн төслөө буцаан татаж аваагүй. Харин ч холбогдох арга хэмжээг авч ажиллана.
 
-Сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт танай намын бүлгээс гишүүд орж ажиллаж байгаа юу?
-Энэ ажлын хэсэгт МАН-ын бүлгийн зүгээс УИХ-ын нэр бүхий таван гишүүн орсон байгаа.  Бүлгийн дарга С.Бямбацогт, О.Содбилэг, Су.Ботболд, Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин нар багтсан. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Номтойбаяр: Тавантолгойн гэрээний хоёр хувилбар байж ч мэдэх юм   
Үзсэн: 1149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй