Шууд Chart

Түймэрт өртсөн 44 өрхөд улсын нөөцөөс гэр олгоно

2015-04-21 13:29:53

Улсын хэмжээнд энэ сарын 20-ны байдлаар Улаанбаатар хот орчим болон 14 аймагт нийт 86 удаагийн ой, хээрийн түймэр гарч, нэг хүн нас барж, долоон хүн гэмтжээ. Түймрийн улмаас байгаль экологи болон эд хөрөнгөд учирсан нийт хэмжээг тогтоохоор Засгийн газрын тогтоолын дагуу аймаг, орон нутгаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

Эдгээр түймрийг унтраахад онцгой байдал, хилийн цэрэг, зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллага, орон нутгийн иргэд оролцсон нийт 6000 орчим хүн, 650 орчим машин, мотоцикль дайчлагдан ажиллажээ. Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж үүссэн нөхцөл байдлын талаар болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан байна. Ингээд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймэрт өртөн орон гэргүй болсон 44 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр тус нэгийг олгохоор болжээ. Мөн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон эмнэлгийн тусламжийн УАЗ-22069, УАЗ-31512 маркийн есөн автомашиныг улсын нөөцөөс олгохоор болсон байна.
 
Түүнчлэн түймэрт өртсөн малчид, мал бүхий иргэдэд Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Ховд аймгийн Булган, Төв аймгийн Бүрэн, Булган аймгийн Булган сум дахь улсын нөөцийн цэг, салбаруудад хадгалагдаж байгаа 730 тн өвсийг үнэгүй олгож, энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгажээ.
 
Засгийн газрын энэ хуралдаанаар улсын нөөцөөс олгосон гэр, автомашиныг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах болон гэр тээвэрлэн хүргэх шатахууны зардалд нийт 470 сая төгрөгийг мөн шийдвэрлэсэн байна.
 
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий комдандлагчийн шийдвэрээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, галын зурвас татах зориулалтаар Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд байгаа “БМП” маркийн байлдааны зургаан машиныг зэвсэглэмжгүйгээр Онцгой байдлын ерөнхий газарт балансаас балансад шилжүүлэхийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд даалгажээ. Мөн Ой, хээрийн түймэртэй тэмцэх болон мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, хохирлыг арилгах, хорогдсон малын сэг, зэмийг устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, өвчилсөн малыг эмчлэх болон бусад зардалд зориулан 842 сая төгрөгийг шийдвэрлэжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Түймэрт өртсөн 44 өрхөд улсын нөөцөөс гэр олгоно  
Үзсэн: 1117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй