Шууд Chart

Б.Буджаргал хэт холын зайн гүйлтийн ДАШТ-д оролцож байна

2015-04-21 16:52:48

“Өөрийгөө ялах” нэртэй зургаа ба 10 өдрийн хэт холын зайн гүйлтийн ДАШТ өнгөрөгч ням гарагт АНУ-ын Нью-Йорк хотноо эхэлсэн. Энэ сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас хөнгөн атлетик, уулын спортын мастер Бямбаагийн Буджаргал болон ахмад эмэгтэй ангилалд хоёр бүсгүй өрсөлдөж байна.

Энэ жил хоёр дахь удаагаа оролцож буй Б.Буджаргал гүйлтээ Монгол орныхоо хөгжлийн төлөө хэмээн “Хөгжлөө эхлүүлцгээе” уриатай оролцож байна. Тэрээр “Бидний хичээл зүтгэлээс улс орны ирээдүй хамаарах учраас хэцүү бэрхийг тоочиж зовлон ярилгүй хөгжил өөд тэмүүлцгээе! Гүйлт хүний оюун ухааныг хөгжүүлдэг. Таныг гүйхэд цусан хангамж, үүний хамтаар хүчилтөрөгч, ялангуяа, тархины цусан хангамж 25 хувиар нэмэгдэнэ. Шинжлэх ухаан үүнийг аль эрт нотолсон байна. Энэ дүгнэлтийн үнэн эсэхийг гүйлтээр хичээллэгчид сайн мэднэ. Хурдтай гүйснээр биед байгаа нүүрс усны нөөцөө хоосруулж, өөх тосоо хадгална гэдгийг санаарай. Урт замын тайван гүйлт л жинг навс буулгадаг. Таны биеийн жин 70кг байхад Та цагт 10км замд гүйснээр 700 килокалорийг шатаана. Биеийн жингээ хасахад гүйх хугацаагаа нэг цагаар нэмэхэд турна” хэмээжээ.



Б.Буджаргал гүйлтийн спортоор 19 жил хичээллэж байгаа манай улсын хэт холын зайн олон өдрийн гүйлтийн хамгийн шилдэг тамирчин юм. Тэрбээр нэг өдөр буюу 24 цагийн гүйлтийн 2011, 2012, 2013 оны улсын аварга. Ингэхдээ 2013 онд 24 цагт 180 км гүйж улсын дээд амжилт тогтоосон.

Өнгөрсөн жил Нью-Йорк хотод болсон зургаан өдрийн гүйлтийн ДАШТ-д ямар ч бэлтгэлгүй оролцоод 485 км гүйж, тавдугаар байр эзэлсэн байна. Харин энэ жил арван өдрийн гүйлтийн ДАШТ-д оролцохоор эртнээс бэлдсэн тэрээр БНСУ-д нэг, АНУ-д хоёр сарын бэлтгэл хийжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Б.Буджаргал хэт холын зайн гүйлтийн ДАШТ-д оролцож байна  
Үзсэн: 1852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй