Шууд Chart

М.Энхсайхан: Тавантолгойн хувьцаа эзэмшигч хоёр сая иргэнээс гарын үсэг цуглуулах шаардлагагүй

2015-04-21 17:00:48

УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн гэрээний төслийг батлахын өмнө заавал УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэсэн шаардлага тавьсан. Харин Засгийн газраас Тавантолгойн гэрээний төслийг 14 хоногийн хугацаанд багтааж УИХ-аар хэлэлцүүлэх шийдвэр гаргасан билээ.

Үүний дагуу энэ сарын 15-ны өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Тавантолгойн асуудлаар шийдвэрээ гарган, гэрээний төслөө УИХ-д өргөн барихад бэлэн болсон талаараа мэдээлсэн. Тодруулбал, Тавантолгойн гэрээний төслийг өргөн барих зөвшөөрөл хүсэхээр УИХ-ын Тамгын газарт баримт бичгүүдээ явуулсан юм. Харин УИХ-ын Тамгын газар уг бичиг баримтуудыг шалгаж үзээд өнөөдөр Засгийн газарт буцаасан байна. Ингэхдээ Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг эзэмшиж буй 2.1 сая иргэний гарын үсэг байхгүй учир хүлээн авах боломжгүй гэжээ. Түүнчлэн дээрх хоёр сая иргэний гарын үсгийг цуглуулж авчрахгүй бол УИХ-ын даргад өргөн барих цаг товлох боломжгүйгээ ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод хэлсэн байна.  
 
Харин энэ талаар Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдэгдэл хийж эсэргүүцэж буйгаа хэллээ. Түүнийхээр бол Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг захирах, гэрээг бие даан шийдвэрлэх бүрэн эрхтэй учраас хоёр сая иргэнээс гарын үсэг авах шаардлагагүй аж. Тодруулбал, Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний 181 дүгээр тогтоолын 3-р заалтын дагуу хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг саналын эрхгүй, худалдахгүй, бусдад шилжүүлэхгүй, өөрөөр хэлбэл, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлэхээр заасан байдаг байна. Тиймээс Засгийн газар дийлэнх хувьцаа эзэмшигчийнхээ хувьд их хэмжээний хэлцэл байгуулах эрхийг Гүйцэтгэх удирдлагад олгох бүрэн эрхтэй ажээ. Түүнчлэн Засгийн газар өчигдөр хуралдсан ээлжит хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой”-н өмчлөгч нь өөрөө гэдгээ баталсан шийдвэр гаргасан байна.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

М.Энхсайхан: Тавантолгойн хувьцаа эзэмшигч хоёр сая иргэнээс гарын үсэг цуглуулах шаардлагагүй   
Үзсэн: 1886 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.36.xxx [182.160.36.xxx] 2015-04-22 08:37
Энэ зурам Энхболд, тарвага Элбэгдорж хоер Үндсэн хууль өөрчилж Ерөнхийлөгчийн засаглал(дарангуйлал) тогтоож өөрсдөө залрах явуулга хийж байна. Монголын хувь заяа эдэнд огт алга.

Бидэнтэй нэгдээрэй