Шууд Chart

Ардчилсан намд фракцгүй болох уриалгууд ирсээр байгаа гэв

2015-04-22 12:58:26

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Ардчилсан нам фракцгүй нам болж байгаагаа мэдэгдсэн. Намынхаа гишүүдийн захиалга, даалгавраар хийгдсэн энэ шийдвэрийг аймаг орон нутгийн намын байгууллагууд дэмжиж, фракцгүй Ардчилсан намтай болохыг уриалсан уриалгууд ирүүлсээр байна” гэсэн юм. Өнөөдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Дундговь, Дархан-Уул, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Увс, Ховд зэрэг 12 аймгаас намын байгууллагууд фракцгүй Ардчилсан намыг дэмжиж уриалга ирүүлсэн аж.

Түүнчлэн Ардчилсан нам энэ сарын 15-наас эхлэн “Аймгийн чуулган 2015” аяныг орон даяар зохион байгуулж байгаа аж. Энэ аяны зорилго нь орон нутгийн иргэдийн санаа бодлыг сонсох, анхан, дунд шатны намын гишүүдэд сургалт зохион байгуулах, фракцгүй АН-ын хөгжлийн чиг хандлагаар гишүүдийн санаа бодлыг сонсож, нэгдмэл ойлголтод хүрэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж байгаа гэдгийг  Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэлсэн юм.
 
Үүнээс гадна МАН-аас томилогдсон Засгийн газрын гишүүд нийтдээ 500 гаруй төрийн албан хаагчдыг хомроглон халаад байгаагаас БОНХАЖЯ өөрийн аппаратныхаа төрийн албан хаагчдын 50 гаруй хувийг, Хөдөлмөрийн яам удирдах бүрэлдэхүүнээ 100 хувь, мөн 21 аймаг, есөн дүүрэг, нийслэлийн хөдөлмөрийн хэлтэсийн дарга нарыг бүгдийг нь халсан байна гэдгийг хэлсэн.  “МАН Засагт хамтарсан учраа эдийн засгийн хүндрэлээс хамтдаа гарья, хэмнэлтийн горимд шилжье гэж тайлбарлаж байснаа эргэн санаж эрх мэдэл, албан тушаал, ширээ сандлын хойноос яваагүй гэдгээ ард түмэндээ харуулах цаг боллоо. Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгээс олон хүнийг хомроглон халсан Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн тушаалуудыг хүчингүй болгож, халагдсан ажилтан албан хаагчдыг эргүүлэн томилуулсны дараа Төрийн албаны сонгон шалгаруулалтыг хийхийг шаардаж байна” гэсэн юм. Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд С.Чинзориг сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүдээрээ дамжуулан өргөн барина гэдгээ мөн мэдэгдлээ.
 
Мөн БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна. Тиймээс Ж.Батболдыг эргүүлэн ажилд нь томилж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ардчилсан намд фракцгүй болох уриалгууд ирсээр байгаа гэв  
Үзсэн: 1207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй