Шууд Chart

1024 бөхийн барилдаанд Улсын харцага Э.Оюунболд түрүүллээ

2015-04-22 15:36:50

МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой болон цолгүй залуу 1024 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.

Зааланд анх удаа болсон 1024 бөхийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Г.Алтангэрэл, Э.Оюунболд нараар магнайлуулсан улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 1024 бөх зодоглосон юм.

Энэ барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан Хэнтийн аварга дэвжээ, Улаанбаатар хотын ОСНААУГ-ын бөх улсын залуу харцага Э.Оюунболд арав даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Онцгой байдлын ерөнхий газрын Аврагч спорт хороо, Таванхан дэвжээ, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр ес даван үзүүрлэлээ.

Түрүү бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболд нэгийн даваанд Аварга дээд сургуулийн Н.Буянзаяаг, хоёрт Их богд дэвжээний Д.Уртнасанг, гуравт аймгийн арслан М.Төмөртогоог, дөрөвт аймгийн заан Э.Нямааг, тавд улсын начин С.Батсуурийг даваад зургаад улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагватай тунаж, долоод улсын харцага Б.Пүрэвсайхантай тунаж, наймд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатартай тунаж, есд аймгийн арслан Э.Даштай тунаж аравт улсын аварга Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулан түрүүлж нэгэн шинэ түүхийн эзэн боллоо.

Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээ, Ноёд группийн бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Түшээт ханы аварга дэвжээний бөх аймгийн арслан Э.Даш нар шалгарав.

Дунд шөвгийн наймд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Бридж группийн бөх дархан аварга Г.Өсөхбаяр, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Жавхлант дэвжээ, Энгүй тал компаний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Жавхлант дэвжээний бөх аймгийн арслан Бо.Батжаргал, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Булганхангайн хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Д.Амарсайхан нар үлдлээ. Их шөвгийн найман бөхийн дөрөв нь аймгийн арслан цолтон байлаа.

Улсын цолтой бөхчүүдээс барилдааны нэгийн даваанд улсын начин С.Даваасамбуу СХД-ийн Д.Батжаргалд, хоёрын даваанд улсын өсөх идэр начин Х.Амараа Завханы сумын заан М.Батмягмарт, Ж.Оргил Өвөрхангайн сумын заан Д.Намхайд, Л.Цэвээн Хэнтийн сумын заан Х.Оргилд, С.Дэлгэрбат Хэнтийн сумын заан Х.Амарзаяад, Л.Өлзийбаяр Булганы сумын заан П.Сандагдоржид, Л.Наранбаатар Төвийн сумын заан Н.Дашдаваад тус тус тахим буулгав.

Зааланд анх удаа зохион байгуулагдсан 1024 бөхийн барилдаанд барилдсан бөхчүүдийг цолоор нь ангилбал дархан аварга нэг, улсын аварга нэг, улсын арслан дөрөв, улсын гарьд тав, улсын заан дөрөв, улсын харцага 10, улсын начин 38 нийт улсын цолтон 63, аймаг цэргийн арслан 109, аймаг цэргийн заан 45, аймаг цэргийн харцага 45, аймаг цэргийн начин 147 нийт аймаг цэргийн цолтон 346, сумын заан 363, сумын харцага гурав, сумын начин 25 нийт сумын цолтон 391, залуу бөх 224 зодогложээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

1024 бөхийн барилдаанд Улсын харцага Э.Оюунболд түрүүллээ  
Үзсэн: 1845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй