Шууд Chart

Тавантолгойн гэрээний төслийг дахин өргөн мэдүүлэв

2015-04-23 09:44:56

Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэсэн УИХ-ын даргын шийдвэрийн дагуу энэ сарын 15-ны өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Үүний дагуу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас УИХ-ын Тамгын газарт “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хүргүүлсэн ч тогтоолын төслийн бүрдэлд зарим баримт бичиг ирүүлээгүй гэсэн шалтгаанаар УИХ-ын Тамгын газар буцаасан билээ. Тодруулбал, Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг эзэмшиж буй 2.1 сая иргэний гарын үсэг байхгүй учир хүлээн авах боломжгүй гэсэн юм.

Харин өчигдөр үдээс хойш Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатарт ”Төсөл өргөн мэдүүлэх хугацааг” товлох тухай албан бичгийг дахин хүргүүллээ.
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хүргүүлсэн УИХ-ын тогтоолын төсөлд:
·  “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг холбогдох материалын хамт
·  “Хөрөнгө оруулалтын гэрээ” түүний хавсралтууд
·  Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах төсөв, санхүүгийн зардлын тооцоо
·  Төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн санал
·  Компанийн тухай хуульд заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцлийг их хэмжээний хэлцэлд тооцох тухай асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоол
·  УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны тогтоолд заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлт гаргасан боловч хувьцааны төлбөр авч чадаагүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдэд хувьцааг буцаан эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоол багтжээ.
 
  “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх, мөн “Хөрөнгө оруулалтын гэрээг” хэлэлцүүлэхтэй холбогдуулан “Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ” болон “Хамтран ажиллах гэрээ”-г танилцуулахаар тус тус хүргүүллээ. УИХ-ын даргад өргөн мэдүүлэх хугацааг товлож өгөхийг тус бичигт дурдсан байна.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Тавантолгойн гэрээний төслийг дахин өргөн мэдүүлэв   
Үзсэн: 1759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй