Шууд Chart

М.Энхсайхан: Тавантолгойн гэрээний төслийн текст хэлбэрийг иргэдэд үзүүлэх боломжгүй

2015-04-23 14:32:20

Өнөөдөр Засгийн газраас Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д өргөн барьсан билээ. УИХ-ын хаврын чуулганы нээлтээс хойш багагүй маргаан үүсгээд байсан Тавантолгойн гэрээний төслийг ийнхүү УИХ-д өргөн барьсны дараа Монгол Улсын сайд, Тавантолгойн төслийн хэлэлцээрийг бэлтгэх ажлын хэсгийн дарга М.Энхсайхан, Дэд ажлын хэсгийн дарга бөгөөд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монгол Улсын сайд М.Энхсайхан УИХ-аас зөвхөн Тавантолгой биш хөрөнгө оруулагчдын итгэлийг татсан шийдвэр гаргаасай гэж хүсч байна. Ер нь бол том төслийг монголчууд ил тод ярьж шийдэж чаддагийн үлгэр жишээ болоосой гэсэн хүсэлтэй байна гэдгээ хэлсэн юм. Түүнчлэн “Өнгөрсөн хугацаанд хэлэлцээний үйл явцыг тухай бүрт Засгийн газар, УИХ, ҮАБЗ-д танилцуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд олон нийт болон улс төрчдийн зүгээс санаа зовсон олон санал ирүүлсэн, тухай бүрт нь бид мониторинг хийж байгаа. Ерөнхийдөө Засгийн газраас оруулж байгаа материал бол нээлттэй материал. Бид олон түмнээс нууцлаад байхгүй, агуулгын тухай болон гэрээний төслүүдийн талаар мэдээж нээлттэй хэлэлцүүлгүүд явагдана. Гэхдээ бас анхаарах ёстой асуудал байгаа. Тэр нь юу гэхээр гэрээний бэлтгэсэн текст хэлбэрийг ил болгох боломжгүй. Учир нь Хөрөнгө оруулалт хийх гэж байгаа компаниуд бүгд Токио, Шанхай, Хонгконгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд учраас хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндлөө гэдэг гомдол гаргах ноцтой байдал бий болгодог. Тиймээс бид энэ бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх хэрэгтэй гэж бодож байна. Хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг байнга анхааралдаа авч ажиллаж байсныг хэлэх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн Тавантолгойн хэлэлцээ гэрээний төслүүдийн эргэн тойронд хэрүүл битгий гараасай гэж хэлж байсан үгийг УИХ болоод Засгийн газрын гишүүд анхааралдаа авах байх. Монголчууд бид одоо том төслүүдээ босгох цаг болсон, одоо бүгдээрээ том төслүүдээ хамтдаа босгоцгооё гэж уриалмаар байна.
 
Мэдээлэл хийсний дараа Монгол Улсын сайд М.Энхсайханаас дараах тодруулгыг авлаа.
 
-Тогтоолын төслийг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ гэсэн. Тэгэхээр анх Засгийн газраас гаргасан 14 хоногийн хугацаандаа багтахааргүй болж байх шиг байна?
-УИХ-ын нээлтийн ажиллагаанаас тоолж эхлэх юм бол цаг хугацаа нэлээд алдсан. Гэхдээ УИХ үүнийг шуурхай журмаар шийдэж өгнө гэж найдаж байна.
 
-УИХ-аас хэд хэдэн төрлийн тогтоолын төслийг өргөн барьсан гэсэн?
-Засгийн газрын зүгээс үндсэн зургаан тогтоолын төслийг өргөн барьсан байгаа. Эхний тогтоол нь Засгийн газраас бэлтгэсэн хөрөнгө оруулалтын гэрээг хийхэд үүрэг болгосон төсөл байгаа. Бусад таван төсөл нь урьд өмнө Тавантолгойг тойроод УИХ-аас гарсан нэр томьёоноос эхлээд өөр хоорондоо зөрчилтэй олон тогтоолын төслүүдийн зөрчлийг арилгахтай холбоотой байгаа. Тухайлбал, нэг тогтоолд нь Ухаахудаг-Гашуунсухайт гэж байхад нөгөө тогтоолд нь Тавантолгой-Гашуунсухайт гэж байх жишээний. Тэгэхээр нэр томьёоны хувьд хүртэл асуудал тарьж мэдэхээр ийм асуудлуудыг цэгцлэхээр оруулсан.
 
-Өргөдлийн байнгын хорооноос хүргүүлсэн Эрдэнэс Тавантолгойн Монголын ард түмний эзэмшиж байгаа 20 хувийн хувьцааг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах ёстой гэсэн саналыг оруулсан уу?
-Өргөдлийн байнгын хороон дээр энэ талаар 3000 гаруй санал ирээд, Өргөдлийн байнгын хороо Засгийн газарт чиглэл өгсөн. Үүнийх нь дагуу Засгийн газар хуралдаад шийдвэрээ гаргачихсан байгаа. Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа эзэмшиж байгаа хэдий ч тэрийгээ мөнгө ч болгож чадаагүй, хувьцаа хэлбэрээр ч авч чадаагүй байгаа иргэд төсөл эхлэхээр хаягдчих вий гэсэн үүднээс байнгын хорооноос энэ саналыг оруулсан юм байна лээ. Бид хувьцаагаа мөнгөжүүлж чадаагүй нийт нэг сая нэг зуу орчим хувьцаа эзэмшигчдийг эргэж бүртгэх даалгаврыг өгчихсөн байгаа.
 
-УИХ-ын дарга тогтоолын төслийг буцаахдаа Тавантолгойн хувьцаа эзэмшигч 2.1 сая иргэний гарын үсгийг цуглуулах ёстой гэсэн шаардлага тавьсан. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?
-1072 ширхэг хувьцаа Тавантолгойн компанийн нийт хувьцааны 6.5 хувьтай тэнцэж байгаа. Гэхдээ өмнө гарсан шийдвэрүүдээр саналын идэвхгүй хувьцаа. Тэгэхээр цаана нь үлдэж байгаа 93 орчим хувийг Засгийн газар өмчилнө. Тиймээс Засгийн газар гэрээ хэлэлцээр хийх даалгавар өгсөн байх ёстой гэж УИХ-ын Тамгын газар хүссэн. Энэ хүсэлтийн дагуу Засгийн газар хуралдаад Тавантолгой компанийн дийлэнх хувийг эзэмшиж байгаа учраас өөрийнхөө шийдвэрийг гаргаж өгсөн. Ингэснээр дутуу байна гэж үзсэн бичиг баримт бүрдсэн.
 
-Гэрээнд Монголын талын хүлээх хариуцлага их, харин хамтарсан консерциумын хүлээх хариуцлага бага байна гэсэн шүүмжлэл гарч байна?
-Гэрээг хүн хараад нэг юм ойлгодог. Манай талын хүлээх үүрэг хариуцлага их бичигдээд нөгөө талын үүрэг бага бичигдсэн байна гэж хэмжээ дамжаагаар нь харьцуулдаг гэж харагддаг. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, консерциум гадны хөрөнгө оруулагч Монголын талын бүх хууль тогтоомжийг бүгдийг мөрдөнө гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, Монголд өнөөдөр 400 гаруй хууль, 60 гаруй бизнесийн хууль тэр бүгдийг мөрдөнө. Хэдийгээр ганц өгүүлбэр харагдавч тэр бүгдийг мөрдөх зүйлийг бичнэ гэвэл хязгааргүй юм харагдана.
Бид яагаад илүү үүрэг авсан юм шиг бичдэг юм бэ гэвэл байгуулах гэрээ банкин дээр очоод мөнгө босгоно. Мөнгө босгоход тухалсан гэрээгээр Монголын Засгийн газар ямар үүрэг хүлээж вэ гэдгийг банкууд харна уу гэхээс 400 гаруй хуулийг унших гэж суухгүй. Техникийн хувьд пропорцийг нь харахаар манай талынх их юм шиг боловч бүх хууль тогтоомж мөрдөнө гээд бичсэн учраас концепцийн хувьд зөв харж чадвал энэ бүхэн алга болно.

-Баярлалаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

М.Энхсайхан: Тавантолгойн гэрээний төслийн текст хэлбэрийг иргэдэд үзүүлэх боломжгүй  
Үзсэн: 2084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-04-23 14:45
Гадаадын компаниудын хөрөнгө оруулагчдад санаа тавих сэтгэлтэй л юм байна. Харин монголчууд чинь ямар шүү аж төрж байгаад сэтгэл чинь өвдөхгүй байна ... Наад Тавантолгойн асуудлын цаана ард түмний чинь эрх ашиг байгаа шүү... ТЭНЭГ ҮҮ ДЭЭ

Бидэнтэй нэгдээрэй