Уламжлалт "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын хүрээнд “Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн шүлгүүдийг хуучин монгол бичгээр бичих уралдаан зарлаж байна. Уралдаанд оролцогчид 1983 оноос хойш зохиогдсон “Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн байрын шүлгүүдээс сонгон бүтээлээ ирүүлэх аж.
Уралдаан Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид болон мэргэжлийн ангийн оюутан, сонирхогч, мэргэжлийн уран бүтээлчид гэсэн ангиллаар зохиогдоно. Сурагчид дээрх шүлгүүдийг хичээнгүйгээр бичих бол уран бүтээлч, багш, сонирхогч, оюутнууд зохиомжтой, зураг дүрслэлтэйгээр бичиж ирүүлэхийг зохион байгуулагчдын зүгээс даалгажээ.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, нийт оролцогчдыг “Болор цом”-ын шагналт яруу найрагчидтай уулзалт, чөлөөт ярилцлага зохион байгуулж, дүнг танилцуулан шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардуулах юм байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс эхний таван байрыг шалгаруулах аж.
Монгол бичгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, бичих чадварыг сайжруулах, шүлэг яруу найргийн яруу тансагийг мэдрүүлэх, багаас нь шүлэг яруу найрагт дур сонирхолтой болгох, Монгол уран бичлэгийн үндэсний өвийг сэргээн хөгжүүлэх, сурталчлан таниулах, зохистой хэрэглээ бий болгох, уран бүтээлч, багш, сонирхогч, суралцагчдыг хөхиүлэн дэмжих зорилго бүхий энэ уралдаанд “сойх” бүтээлүүдийг хүлээн авах эцсийн хугацаа ирэх сарын 04-ний өдөр дуусгавар болох аж.
Оролцогчид бусад мэдээллийг https://www.facebook.com/National.Library.of.Mongolia нийгмийн сүлжээнээс авах боломжтой.
"Болор цом"-ын тэргүүн шүлгүүдийг монгол бичгээр бичих уралдаан зарлажээ | ||
Үзсэн: 1511 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.