МҮОНР-ийн хөтөлбөр, нэвтрүүлгийн шинэчлэлтийн талаар өнөөдөр "Олон нийтийн мэдээллийн төв"-д МҮОНР-гийн захирал Б.Баярсайхан, МҮОНР-гийн ерөнхий продюсер, Дууны найруулагч, нэвтрүүлэгчдийн албаны дарга Д.Батбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Монголын радио тэртээ 1934 онд Монгол Улс дахь албан ёсны гуравдагч хэвлэл мэдээллийн байгууллага болон эфирээ цацаж, эдүгээ 81 жилийн түүхэн замналыг туулаад байна. МҮОНР сүүлийн 20 гаруй жилд байгаагүй томоохон бүтэц, хөтөлбөрийн шинэчлэлийг хийж байна. Ингэхдээ 2013 онд эхлүүлсэн суурь судалгаанд үндэслэн МҮОНР-гийн ажиллах хүчийг 110 хүнтэйгээр баталж, 117 нэр төрөл бүхий нэвтрүүлэг-контентыг 35-аар цөөлж, агуулга, концевцийн давхардалгүй байхаар төлөвлөжээ. Энэхүү бүтэц зохион байгуулалтаар МҮОНР цаашид дөрвөн сувгаа агуулгын давхардалгүй мэдээллээр хангаж ажиллахаар тогтсоныг өнөөдөр тэмдэглэж байлаа.
МҮОНР "Их үдийн хөтөлбөр" буюу 12:00-18:00 цагийн хооронд шууд хөтөлбөртэй болж өнөөдөр албан ёсоор энэ хөтөлбөр эхлээд байна. Энэ талаар МҮОНР-гийн захирал Б.Баярсайхан "Өнөөдөр Монголын радиогийн түүхэнд тэмдэглэх нэгэн ажил эхэлж байна. МҮОНР ажлын өдрүүдэд бүтэн зургаан цагийн хөтөлбөрөө шууд болгож байна. Ингэхдээ сонсогчдын сонирхлын бүлэг рүү чиглэх байдлаар тухайн өдрийн шууд хөтөлбөрийн бүх цаг нэг сэдвийг барьж, түүний эргэн тойронд байр суурийг шууд хүргэж байхаар боллоо. МҮОНР-гийн шууд хөтөлбөр өмнө нь "задгай" шинжтэй, нийт эфирийн цагийн 10 гаруй хувийг эзэлдэг байсан бол одоо бүтэн зургаан цагийн турш үргэлжлэх багц хөтөлбөр нийт эфирийн 45 орчим хувийг эзэлж байна" гэлээ.
Дэлхий нийтэд радио сэтгүүлзүйн чиг хандлага зохиогчийн радио, найруулагчийн радио гэх хэлбэрт шилжиж, улс орнууд барууны сэтгүүлзүйн стандартад нийцэх байдлаар томоохон хөтөлбөрүүд продюсерийн шууд удирдлага дор орж ажиллаж байна гэж тэрээр нэмж хэлсэн юм.
Тэгвэл МҮОНР-гийн ерөнхий продюсер Д.Батбаяр "Хувь уран бүтээлчид гэхээсээ илүү МҮОНР-д багаар ажиллах систем бүрэлдэн тогтож байгаа нь ихээхэн онцлогтой. Өмнө нь аливаа хөтөлбөр сэтгүүлч, дууны найруулагч, нэвтрүүлэгч, хяналтын олон түвшний ажилтан гэх мэт давхар давхар дамжлагатай байлаа. Харин одооноос нэг удирдлага дор орж, тал талын хамтын ажиллагааны үндсэнд бий болж байна. Энэ нь ч уран бүтээлчдийн чадвар дээшлэх, цаг хугацаа, төсөв мөнгө, бүтэц бүрэлдэхүүн зэрэгт ихээхэн ач холбогдолтой" гэсэн юм.
Ийнхүү өнөөдрөөс эхлэн МҮОНР даваа-баасан гарагт, 12:00-18:00 цагийн хооронд зургаан цагийн шууд хөтөлбөрөө цацаж эхэллээ. Тодруулбал, даваа гарагт гэр бүл, мягмар гарагт залуус, лхагва гарагт нийгэм- эрүүл мэнд, пүрэв гарагт хэл-урлаг соёл, баасан гарагт улс эх орны хөгжлийн чухал асуудал зэргийг тойрсон олон талын байр сууриудыг шууд хөтөлбөрөөр хүргэх юм.
МҮОНР-гийн өдөр тутмын шууд хөтөлбөр өнөөдөр албан ёсоор эхэллээ | ||
Үзсэн: 1457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.