Шууд Chart

Гишүүд хуулийн төслөө Засгийн газарт шилжүүллээ

2015-04-29 14:07:56

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт, Л.Энх-Амгалан, Д.Сумъяабазар, Г.Баярсайхан  нарын  гишүүд хамтран боловсруулсан  “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай"  хуулийн төслөө Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад  гардууллаа. Энэ хууль нь тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын одоогийн бүтцийг  шинэчилж, төрийн өмчит эмнэлгүүдийг хувьчлахгүйгээр  одоогийн эрх зүйн статус, засаглалыг өөрчилж үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгохын сацуу  эмнэлгийн санхүү нөөцийг үр ашигтай ашиглах менежмент удирдлагын арга барилыг хөхүүлэн дэмжсэн хууль аж.

Манай улсын хувьд төрөөс эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого нь нэг талаасаа хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чиглэсэн боловч нөгөө талаасаа эрүүл мэндийн байгууллагын засаглал, бие даасан байдлыг бодлогын гадна орхигдуулсан, салбарын ажилтнуудын цалин хангамж, нийгмийн асуудал, эрүүл мэндийн асуудал  зэрэг нь өнөөгийн шийдвэрлэх гол тулгамдсан асуудал болж байгааг УИХ-ын гишүүн С.Одонтуяа цохон тэмдэглэв. Уг нь бүхэл бүтэн салбарыг хамарсан хуулийг Засгийн газраас өргөн барих ёстой боловч эрүүл мэндийн салбарын реформын өөрчлөлтүүдтэй холбоотой хууль тогтоомжууд өмнөх Засгийн газруудаас боловсруулагдаж өргөн баригдахгүй хугацаа их алдаж байсан учир УИХ-ын гишүүд хамтран уг хуулийн төслийг боловсруулсан аж.

 
Хуулийн төслийг боловсруулахдаа салбарын бүх шатны ажилтнуудыг оролцуулан  аймгуудын эрүүл мэндийн газартай хамтран хэлэлцүүлэг хийж зохих саналуудыг авсан байна. Түүнчлэн эмнэлгийн  засаглалыг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2008 оноос хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил” -3,4  хөтөлбөрүүдийн үзэл санааг болон салбарынхны олон жил хуримтлагдсан тулгамдсан асуудлуудын  гарц шийдлүүдийг уг хуулийн төсөлд тусгасан гэдгийг УИХ-ын НББСШУ-ны дарга Д.Батцогт хэллээ.
 
Гишүүд өөрсдийн боловсруулсан хуулийн төслийг Засгийн газарт өргөн барихдаа хэд хэдэн зүйлд онцгой анхааралтай хандахыг хүслээ. Үүнд:
  1. Гишүүдийн боловсруулсан хуулийн төслийг салбарын ажилтнуудаар нухацтай хэлэлцүүлэн боловсронгуй болгож эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах РЕФОРМЫН өөрчлөлтүүдийг зайлшгүй оруулах
  2. Эрүүл мэндийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Нийтийн албаны тухай хуулиудтай уг хуулийг уялдуулахдаа эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн баталгааг одоо байгаа түвшингээс бууруулахгүй байхаар хуульчилж салбарын бүх түвшний ажилтнуудыг ялгаварлахгүйгээр хамруулах зэрэг асуудлуудыг онцгой анхаарахыг хүслээ.
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Гишүүд хуулийн төслөө Засгийн газарт шилжүүллээ   
Үзсэн: 1065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй