Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2015-05-02 08:18:13

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.



Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын төв телевизэд ярилцлага өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн тус ярилцлагын үеэр Аугаа Эх орны дайны үед Монголоос Зөвлөлт Холбоот Улсад үзүүлж байсан тусламж, Монгол-Оросын харилцааны түүх, цаашдын төлөвийн тухай асуудлуудыг хөндсөн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзээрэй. 


 
Төрийн үйлчилгээг 24 цагийн турш авах боломж олгодог 108 ТҮЦ машин улсын хэмжээнд ажиллаж байна. ТҮЦ машинаас төрийн 20 гаруй үйлчилгээг авах боломжтой юм. Мөн өнгөрсөн долоо хоногоос www.ezasag.mn сайт ажиллуулж эхэлснээр иргэд гар утас, таблет, зөөврийн компьютерээс төрийн 25 үйлчилгээг авах боломжийг бүрдүүлээд байна. ТҮЦ машин, төрийн үйлчилгээний цахим системийг ашиглан  (www.ezasag.mn) энэ оны 10 дугаар сараас төрийн 167 төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг чанартай зохион байгуулахаар ажиллаж байгаа. Энэ нь баялаг бүтээгчид, иргэдээ бичиг цаас, хүнд суртлаас чөлөөлөх том боломж юм гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ долоо хоногт болсон “Шийдлийн цаг” уулзалтын үеэр онцоллоо.



Энэ долоо хоногт МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн  баталлаа. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС  уншина уу.



Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сайтын холбооноос санаачлан, МНСЭ-тэй хамтран  “Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум”- ыг баасан гарагт амжилттай зохион байгууллаа. Мөн өдрийн хүрээнд Монголын сайтын холбооны санаачилгаар Отгонтэнгэр Их сургууль дээр Цахим сэтгүүл зүйн анхны тэнхим нээгдсэн юм. Сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдож, өндөр хурдны интернетэд холбогдсон энэхүү тэнхимд сэтгүүлч мэргэжлээр сурч байгаа оюутан залуус цахим сэтгүүл зүйн сургалтуудыг авах боломжтой.

Түүнчлэн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сайтын холбооноос залуу сэтгүүлч болон сэтгүүл зүйн ангийн оюутнуудын дунд “Монголын Цахим сэтгүүл зүйн хөгжил” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарлаад байсан. Уралдаанд нийт 50 гаруй бүтээл ирснээс MNB.MN сайтын залуу сэтгүүлч Б.Батхолбоогийн “Цахим сэтгүүл зүйг харьцуулах нь" бүтээл тэргүүн байр эзэлсэн юм. Харин хоёрдугаар байрт залуу сэтгүүлч Г.Гэрэлмаагийн  “Хөгжлийн чөдөр –Хуулийн зохицуулалт” нийтлэл, гуравдугаар байрт “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Д.Мягмардоржийн “Адармаатай цахим сэтгүүл зүйн хөгжил” бүтээл тус тус шалгарав. 


Ялалтын баярын 70 жилийн ойгоор Улаанталбайд алхах Монгол Улсын цэргийн бие бүрэлдэхүүн Москва хотыг зорьж, жагсаалын бэлтгэлээ базааж эхлээд байна. Парад алхах бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчнээс 63, Хилийн цэргээс 12 цэргийн алба хаагч байгаагийн 45 офицер, 25 ахлагч, тав нь хугацаат цэргийн алба хаагч юм. Дээрх цэргийн алба хаагчдаас 41 нь энхийг дэмжих ажиллагаанд 1-3 удаа оролцож байсан туршлагатай.  Жагсаалыг удирдаж Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд алхах бол Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхах юм. Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд 14 мянган цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцоно. Түүнчлэн Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайджан,  Армени, Белорусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг салбар оролцох юм. 


Төрийн соёрхолт инженер Н.Нацагнямын олон улсын бүтээмжийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Азийн бүтээмжийн байгууллагаас "Үндэсний бүтээмжийн шагнал-2015" шагналыг олголоо. Японд төвтэй  энэхүү байгууллага нь эгнээндээ 18 орны "Бүтээмжийн төв"-ийг нэгтгэж чадсан томоохон байгууллага  юм. Үндэсний болоод Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд Бүтээмжийн хөдөлгөөнд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн тус байгууллагаас Бүс нутгийн болон Үндэсний Бүтээмжийн шагналыг таван жил тутамд нэг удаа олгодог уламжлалтай. Энэ жил үндэсний бүтээмжийн шагналаар Монгол, Тайвань, БНСУ, Тайландаас тус бүр нэг иргэнийг  шагнажээ. Уг шагналыг 1979 оноос эхлэн гардуулж эхэлсэн бөгөөд нийт 76 хүн энэхүү шагналын эзнээр тодроод байна. 


Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2014 онд батлагдсан тусгай зориулалтаар нийт хичнээн тооны ан амьтан агнах талаарх тогтоолд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, тогтоолд өөрчлөлт оруулснаар  350 толгой тул загас барьж буцаан тавиулахаар, 150 толгой цагаан зээр,  300 хүртэл  агнуурын шувуу агнуулахаар, гадаад оронд амьдаар гаргах идлэг шонхор шувуу 100 толгой байхаар тусгав. 


Одоо уншигч танд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг толилуулъя. Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, салхи шуургатай, сэрүүхэн байхыг анхааруулж байна. Тавдугаар сарын 3-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 4-6-нд төв болон зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.  

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна   
Үзсэн: 1537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй