Шууд Chart

Л.Эрдэнэчимэг: Энержи Ресурс компанийг Тавантолгойн төсөлд оруулж болох эсэх талаар тодруулж байна

2015-05-04 12:26:22

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Тавантолгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Тус ажлын хэсгийг  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалж, гишүүнээр А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар ажиллаж байгаа юм.

Өнөөдөр тус ажлын хэсэг УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд ажлынхаа явцын талаар мэдээлэл өгсөн юм. Үүний дараа Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгээс дараах тодруулгыг авлаа.
 
-Ажлын хэсэг өнөөдөр АН-ын бүлэгт ажын явцын талаар мэдээлэл өгсөн. Ажлын явц хэр байгаа вэ?
-Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас Тавантолгойн асуудлыг УИХ-аар оролцуулах эсэх дүгнэлтийг гаргаж өгөх ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэгт бүх намын төлөөлөл болсон 10 гишүүн орсон. Өнгөрсөн баасан гарагт ажлын хэсгийн зургаан гишүүн хуралдаж дэд хэсэгтээ даалгавар өгсөн. Бямба, ням гарагт дэд хэсэг ажиллаж ямар ч байсан энэ долоо хоногт Засгийн газар Монголын төмөр зам, зам тээврийн яам, Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт хэд хэдэн байгууллагаас лавлагаа авахаар албан бичгийг илгээж эхэлсэн байгаа.
 
-Энержи Ресурс компанийг гэрээнд оролцуулах эсэх талаар яригдаж эхэлсэн гэсэн мэдээлэл гараад байна?
- Энержи Ресурс компани нээлттэй компани учраас интернэтэд бүх мэдээлэл нь байдаг. Та бүхэн өнгөрсөн 2014 оны санхүүгийн тайланг нь интернэтээс олж харах боломжтой. Тэнд бичигдсэнээр тухайн компанийн өнөөдөр энэ төсөлд оруулах гэж байгаа нэг тэрбум долларын хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтууд нь гадаадын хэд хэдэн компанийн барьцаанд байгаа гэдэг нь бичигдсэн байгаа. Жишээ нь, өнөөдөр Тавантолгойн төслийн танилцуулга дотор Өмнөговь аймагт Энержи Ресурс компаниас хийгдсэн нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн талаар бичсэн байгаа. Энэ дотор байгаа нүүрс угаах үйлдвэр мөн уурхайн байгууламж, усан хангамж, цахилгаан хангамж зэрэг бүтээн байгуулалтууд нь гадаадын хэд хэдэн компанийн барьцаанд байгаа. Дээрээс нь 600 сая долларын бонд босгож хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Тэр 600 сая долларын барьцаанд MMC корпорацийн Люксенбург болон Хонгконг дахь компани, Монгол Улс дахь Энержи Ресурс гээд бүх оролцогч компаниудын хувьцаа бүгд байгаа. Тийм учраас бид өнөөдөр Тавантолгойн төсөл дээр 2017 он гэхэд төлбөрөө дуусгах ёстой байгаа. Ийм өртэй компанийг оруулж болох эсэхийг тодруулах шаардлагатай байгаа. Энэ тодруулгыг авахаар тодорхой экспертүүдийг ажиллуулж, Энержи Ресурс болон бусад компаниудаас энэ мэдээллийг ирүүлээч гэсэн хүсэлт илгээсэн байгаа.
 
-Энэ ажлын хэсгийн хууль зөрчсөн гэсэн шүүмжлэл бас гарсан?
-Энэ талаар гишүүдийн зүгээс ч гэсэн нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа. Урьд нь ийм ажлын хэсэг гарч байгаагүй гэсэн асуудлыг тавьсан. УИХ-ын даргын өгч байгаа мэдээллээр УИХ-ын дэгийн тухай хуулиар бол ийм ажлын хэсэг гаргах бүрэн боломжтой. Хууль зөрчсөн асуудал байхгүй гэсэн.
 
-Ажлын хэсэг хэзээ санал дүгнэлтээ гаргаж өгөх вэ?
-Энэ долоо хоногтоо багтаж Засгийн газар болон Энержи Ресурс компани М.Энхсайхан сайдын зүгээс хариултаа өгчих юм бол дүгнэлтээ гаргачихна.
 
-Баярлалаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

Л.Эрдэнэчимэг: Энержи Ресурс компанийг Тавантолгойн төсөлд оруулж болох эсэх талаар тодруулж байна  
Үзсэн: 1169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй