Шууд Chart

Б.Гарамгайбаатар: Тавантолгойн гэрээний төсөл гацвал АН хариуцлага хүлээнэ

2015-05-04 12:39:26

УИХ дахь АН-ын бүлэг өнөө өглөө ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцэх байсан боловч заримыг нь хойшлуулж үдээс хойш 14:00 цагт дахин хуралдахаар болсон байна. Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл өгсөн юм.

Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд болон УИХ-ын дарга мэдээлэл өгснөөс гадна Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх эсэхийг шийдэх ажлын хэсгийн явцын талаарх мэдээллийг сонсчээ. Татварын багц хуулийг Р.Амаржаргал гишүүн ахлахаар болсон гэдгийг УИХ-ын дарга мэдээлэлдээ дурдсан байна. Мөн  Малын хөлийн татвар, Нийслэлийн татварын тухай хуулийн төслийн асуудлаар  ирэх долоо хоногоос эрчимтэй ажиллаж, УИХ-аар батлуулах нь зүйтэй гэж үзжээ. Харин Төрийн албаны хуулийн шинэчлэлийн талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх зайлшгүй шаардлагатай учраас түүний дараа УИХ-д өргөн барих саналыг Ерөнхий сайд мэдээлэлдээ өгчээ.
 
Үүнээс гадна Хяналтын тухай хуулийг АН-ын бүлгийн гишүүд онцолж ярьсан байна. Учир нь Хяналтын тухай хуулийн ажлын хэсгийг Г.Батхүү гишүүн ахалж байгаа бөгөөд УИХ-д орж ирээд багагүй хугацаа өнгөрсөн. Тус хуулийг МАН-ын гишүүд Хяналтын хуулийг гацаасан учраас ажлын хэсэг ажиллаж чадахгүй байна гэж АН-ын бүлэг дүгнэжээ. Тиймээс тус ажлын хэсгийг тарааж, дахин шинэ ажлын хэсэг байгуулж, богино хугацаанд Хяналтын тухай хуулийг батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
 
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Тавантолгойн гэрээний төслийг ингэж байгаад гацаавал гарах хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “АН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт төсвөөс санхүүжигдэж хийгдсэн стратегийн ордуудын 51-ээс доошгүй хувийг төрийн мэдэлд байлгана гэсэн заалт бий. Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явж байна гэсэн үг. Үүний дагуу УИХ-ын дарга захирамжаар ажлын хэсэг байгуулаад, энэ ажлын хэсгийг судлаж үзэж байгаа. Бүлэг дээр Тавантолгойн өнөөгийн болон өмнөх удирдлага, гэрээний төслийн ахлагч М.Энхсайхан сайд гэх мэт хүмүүсийн мэдээллийг тэнцвэртэй сонсож байгаа. Ажлын хэсгийн гаргасан ажлын үр дүнгээр шийдвэр гарна. Эрх барьж байгаа нам хариуцлага хүлээж л таарна” гэсэн юм.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Б.Гарамгайбаатар: Тавантолгойн гэрээний төсөл гацвал АН хариуцлага хүлээнэ  
Үзсэн: 990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй