Шууд Chart

"Альяанс Тех Харцага" клуб үндэсний аварга баг боллоо

2015-05-04 13:19:29

Зургаан сар гаруй хугацаанд үргэлжилсэн "Үндэсний Супер Лиг"-ийн 2014-2015 оны Үндэсний аварга баг тодорлоо.  Үндэсний аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолт Д.Содномзундуй агсны нэрэмжит Хандгайт дахь "Үндэсний сагсан бөмбөгийн ордонд болж, цувралыг 3:2 харьцаатай тэргүүлж байсан "Харцага" баг энэ өдөр ялалт байгуулснаар сагсан бөмбөгийн үндэсний аварга боллоо.

"Авьяанс Тех Харцага", "Дорнод Танан Гарьд" багуудын  тоглолт эхнээсээ тун ширүүхэн эхэлж, аль аль багууд оноогоор дутуу явахыг хүссэнгүй. Тоглолтын эхнээс "Харцага"-ын хамгаалагч D.Rambo довтолгоо, хамгаалалтанд идэвхитэй байж олон оноог авч чадсан юм.

Харин "Гарьдууд"-аас A.Jones олон талын тоглолт үзүүлж байлаа. Тэд эхний хагаст багийнхаа тоглолтыг хадгалж чадсан. Гуравдугаар үед хүртэл багууд тэнцүүхэн тоглосон бөгөөд хувийн хамгаалалт сайн хийж байсан юм.

"Гарьдууд"-аас О.Ууганбаяр энэ өдөр будагтай талбайд бус урд шугамд тоглосон нь үр дүнгээ өгч, довтолгоонд тун сайн тоглолт үзүүлж байсан юм. Гэхдээ тэдний мэргэн буучид болох Б.Мөнхболд, Ц.Азбаяр нарын шидэлтүүд тийм ч сайн байсангүй. Энэ өдөр тэд хамтдаа гурван оноог л авсан юм.

Харин "Харцага" багаас S.Pledger мөн л тийм ч найдвартай шидээгүй ч чухал үед хэрэгтэй оноонуудыг авч, тоглолтын төгсгөлд торгуулийн шидэлтүүдээ алдалгүй шидэж байсан юм. Дөрөвдүгээр үед ч Rambo сайн тоглолтоо үргэлжлүүлж байсан бол Г.Баттөрийн гурав дараалсан холын шидэлт багтаа тун их тус хүргэсэн. Мөн Д.Дорждамба ч дундын зайн шидэлтүүдээ оноо болгож байснаар баг нь онооны давуу байдлыг үүсгэж чадсан юм.

Улмаар төгсгөлийг S.Pledger найдвартай хийснээр 98:87 харьцаатай "Харцага" баг ялалт байгуулж, цувралыг 4:2 болгон дуусгаснаар Үндэсний Аваргууд боллоо. Тэд ингэснээр сагсан бөмбөгийн Дээд лигт 2003, 2006, 2007, 2011 онуудад Аварга цол хүртээд байсан бол 2015 онд тав дахь удаагаа Үндэсний Аварга цолыг хүртэж байна.

Үндэсний аваргын төлөөх цувралд гайхалтай тоглолт үзүүлж, 28.5 оноо, зургаан самбар, зургаан оновчтой дамжуулалт дунджилснаар хамгаалагч D.Rambo ОУХМ Т.Түвшинбаярын нэрэмжит Финалын Үнэ Цэнэтэй Тоглогчоор нэрлэгдлээ.

Харцага баг Үндэсний Аварга цолыг хүртэж, 40 сая төгрөг, Аваргын цом, алтан медаль, аваргын бөгж, малгай, цамц, цагаар шагнуулсан юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Альяанс Тех Харцага" клуб үндэсний аварга баг боллоо  
Үзсэн: 1703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй