Шууд Chart

Хөдөлмөрийн үндэсний намд улс төрд танигдсан хүн байхгүй гэв

2015-05-04 13:40:05

Өнөөдөр Хөдөлмөрийн үндэсний намаас мэдээлэл хийлээ. Тус нам саяхан их хурлаа хуралдуулж намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг дахин боловсруулах, намыг шинэчлэн зохион байгуулах шийдвэрийг гаргажээ. Тус нам нь нийт 14 клубээс бүрдэх бөгөөд 20 салбарын мэргэшсэн боловсон хүчнүүдээс бүрджээ. Одоогийн байдлаар 1500 гишүүнтэй бөгөөд дахин 10.000 гаруй гишүүн элсүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил энэ талаар ярихдаа “21-р зууны улс орнууд өндөр барилга барьж өрсөлдөхөөсөө илүү хүнээ хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг болсон. Учир нь бүх талаар хөгжсөн ард иргэдтэй улсад хөгжил, бүтээн байгуулалт аяндаа ирдэг. Тиймээс манай нам Монгол үндэстний хөгжлийн “Хүн Дээд” үзлийг баримтлан хүнээ хайрлаж, хүнээ хамгаалж, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар орчин цагийн шинэ Монгол хүнийг төлөвшүүлнэ. Сүүлийн 20 жилд хүний хөгжлийг хаяж ирсэн байна” гэсэн юм.
 
Тэрбээр мөн хүн дээл үзэл нь монгол хүнийг идэх хоолтой, орох оронтой, эрүүл байх, сурч боловсрохоор хангагдсан, хүрэлцэхүйц орлоготой байлгахыг хэлнэ. Нийгмийн хөгжлийн явцад монгол хүнийг хаяхгүй, үнэгүйдүүлэхгүй, орхихгүй байх нь манай намын хүсэл юм. Хүнээ хөгжүүлж дахин төлөвшүүлж чадсанаар л бид улсаа хөгжүүлж чадна гэсэн юм. Хөдөлмөрийн үндэсний нам нь зүүний чиглэлийнх байх бөгөөд бие даасан мэргэжлийн институц байхаараа онцлогтой аж.
 
Ингээд тус намын дарга С.Боргилоос намынх нь үйл ажиллагааны талаар зарим зүйлийг тодрууллаа.
 
-Монголд байгаа бусад улс төрийн намуудаас танай намын гол ялгаа нь юу байх вэ?
-Энэ улс орныг өөрчилье гэвэл одоо мөрдөгдөж байгаа хуулийнх нь дагуу улс төрийн нам болж ажиллахаас өөр арга байхгүй. Бид клубыг байгуулаад есөн сар болж байна. Уг нам клубуудын үндсэн дээр байгуулагдсан нам юм. Өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн чуулганы дараа бид улс төрийн хүчин болохоо зарласан. Харин одоо улс төрийн нам болж байна. Улс төрийн намуудын тоо нь олшроод тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулдаггүйтэй холбоотой. Мөн улс төрийн нам өөрсдөө нийгэмд сөрөг имиж бүрдүүлчихсэн. Бидний хувьд институц байгуулж байгаа юм. Хэн нэгэн болон хэсэг бүлэг хүмүүсээс хамаарахгүй. Энд эрүүл, саруул уур амьсгалын тогтолцоонд тулгуурладаг байгууламж ажиллаж байна. Үүгээрээ бид бусдаас ялгарна. Бас боловсон хүчний маш их чадавхитай.
 
-Улс төрийн ажлын хүрээнд туршлага хуримтлуулсан гишүүд танай намд байгаа юу?
-Заавал улс төрийн туршлага гэхээсээ илүү салбар бүрийн хүний мэргэжлийнхний бодлого хэрэгтэй байна. Манай гишүүд дунд улс төрд танигдсан хүн байхгүй.
 
-Намын санхүүжилтын асуудлыг яаж шийдэх вэ?
-Бид намын гишүүнчлэлийн татвараар санхүүжинэ. Бид сонгуульд илүү шударга нээлттэй оролцох учраас одоогийн намууд шиг их мөнгө шаардлагатай гэж бодохгүй байна. Бид санхүүжилтыг ил тод байлгахад анхаарлаа хандуулж ажиллана.
 
-2016 оны сонгуульд ямар арга барилаар оролцох вэ?
-Бид улс төрийн шинэ зарчим, соёлыг бий болгоно. Өнөөдрийн явж байгаа тоглоомын дүрэм бол мөнгөн дээр л явагдаж байна. Бид ойрын хугацаанд ард иргэдээс санал авч мөрийн хөтөлбөрөө дахин шинэчилнэ. Тэгж байж сонгуульд ямар байдлаар оролцохоо шийднэ.
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хөдөлмөрийн үндэсний намд улс төрд танигдсан хүн байхгүй гэв  
Үзсэн: 1946 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй