Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нэг дүүрэг, 17 суманд малын халдварт өвчин гараад байна. Тодруулбал, нийслэлийн ХУД-т “Гахайн мялзан” өвчин, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн дөрвөн суманд “Хонины цэцэг өвчний” гурав, Булган, Хөвсгөл аймгийн хоёр суманд “Боом” өвчний хоёр, Булган аймгийн нэг суманд “Цусан халдвар” өвчний нэг, Говь-Алтай, Дорнод, Төв, Булган, Хөвсгөл аймгийн 10 суманд “Галзуу” өвчний 11, нийт нэг дүүрэг, найман аймгийн 17 суманд малын халдварт өвчний 18 тохиолдол гараад байгаа юм. Дээрх нутаг дэвсгэрт Засаг даргын захирамжаар хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байгаа юм. Мэргэжлийн хяналтын орон нутаг дахь мал эмнэлгийн хяналтын байцаагч нар хорио цээр, хязгаарлалтын бүсэд өвчинтэй тэмцэх заавар, Засаг даргын захирамжийн хэрэгжилт, хүн, малын шилжилт хөдөлгөөн, ариутгал, халдваргүйтгэл, устгасан малын сэг зэмийг ариутгах зэрэгт хяналт тавин ажиллаж байгаа ажээ.
Түүнчлэн байгаль, цаг уурын нөхцөл байдлаас болж зэрлэг амьтад турж эцэн, өвчилж өвчин тараадаг, халдварт, гоц халдварт өвчний голомттой хөрш болон бусад улс орон мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэх, хилийн боомтуудын ариутгал халдваргүйжүүлэлт, ариутгалын бэлдмэлийн нөөц хүрэлцээ чанар тааруу гэх мэттэй холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Дашрамд дурдахад, 2015 он гарсаар давхардсан тоогоор 11 аймаг 21 сум, нийслэлийн нэг дүүргийн нутагт шүлхий нэг, галзуугийн 32, гахайн сонгомол мялзан нэг, цэцэг дөрөв, боом зургаа, хорт салст халуурал өвчин дөрөв гарчээ.
Малын халдварт өвчний тоо буурахгүй байна | ||
Үзсэн: 1782 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.