Шууд Chart

Засгийн газар 2016 онд цалин, тэтгэврийг нэмэх боломжгүй гэж үзжээ

2015-05-06 11:06:44

Засгийн газар өнгөрсөн сарын 28-ны өдөр ээлжит хуралдаанаараа  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төслийг  хэлэлцэж улмаар УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон билээ. Үүний дагуу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Харин өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдаж дээрх үндсэн чиглэлийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.

Үндсэн чиглэлтийн талаарх танилцуулгыг байнгын хороонд Сангийн сайд танилцуулах байсан боловч гадаад томилолттой учир Засгийн газрыг төлөөлж Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийсэн юм. Харин байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд ирэх онд ард иргэдийн амьдрал ямар байх талаар чиглэл гаргах чухал баримт бичгийг хэлэлцэх үед Засгийн газар хариуцлагагүй хандаж байна гэсэн юм.
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж үндсэн чиглэлийг хариуцсан сайд нь байхгүй, холбогдох мэргэжилтнүүд нь ч байхгүй, Засгийн газар тун хариуцлагагүй байна гэлээ. Үүнээс гадна үндсэн чиглэлд дунд хугацааны төлбөрийн эрсдлийг бууруулах талаар тусгасан байна. Чухам хэдэн хувиар бууруулахаар заасан талаар тодруулахыг хүссэн. Харин ажлын хэсгээс Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу дунд хугацааны төлбөрийн эрсдлийг бууруулах талаар тусгасан гээд ирэх 2016 онд гадаад өрийн хэмжээнд Хөгжлийн банкны 500 сая ам.долларын өр байгаа гэдгийг хэллээ.
 
Харин А.Тлейхан гишүүн 2016 онд нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэлд цалин тэтгэврийг хичнээн хувиар нэмэх талаар тусгаагүй байна гэдгийг хэлсэн. Харин үүнд ажлын хэсгээс тайлбар өгөхдөө “Улсын төсөв хангалтгүй байгаа учраас ирэх онд иргэдийн цалин тэтгэврийг нэмэх талаар тодорхой зүйл тусгаагүй харин ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах талаар тодорхой заалтууд тусгасан” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас ирэх онд төсөв муу байгаа учраас цалин, тэтгэврийг шууд нэмэх боломжгүй хэмээн үзсэн байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөн л Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үнийн өсөлттэй уялдуулан иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл бараа бүтээгдэхүүний үнэ 20 хувь нэмэгдчихээд байхад цалин нэмэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа хэлсэн юм.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Засгийн газар 2016 онд цалин, тэтгэврийг нэмэх боломжгүй гэж үзжээ  
Үзсэн: 1210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй