![](/uploads/201505/news/thumb/cc50fee14bfa42a1456950be4a034f4f_x3.jpg)
Катарын Доха хотноо өчигдөр чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Эхний өдөр эрэгтэй 57, 65, 86, 125 кг, эмэгтэй 58 кг-ын жингийн барилдаанууд болж медальтнууд тодорлоо. Манай бөхчүүдээс энэ өдөр 57 кг-ын жинд Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран, 85 кг-д П.Өсөхбаатар, 125 кг-д Б.Батбаяр (дасгалжуулагч), эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд Э.Гантуяа нар барилдсанаас нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.
57 кг-ын жинд барилдсан Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт хийлж, Японы бөх Фумитака Моришита, Энэтхэгийн бөх Рахул Баласанев Аварег нарыг ялж мөнгөн медалийн төлөө БНАСАУ-ын бөх Хак Жинг Лонгийг 3:0 онооны харьцаагаар ялсан юм. Улмаар алтан медалийн төлөө Киргизийн бөх Самат Надырбек Уулуг 4:1 онооны харьцаагаар ялснаар жиндээ Азийн аварга боллоо.
Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-ын жинд ОУХМ П.Өсөхбаатар нар хүрэл медаль хүртлээ.
125 кг-ын жинд эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр барилдаж, VII байр эзлэв. Тэрээр нэгдүгээр тойрогт Туркменистаны бөх Эльпур Жучловыг 9:6 онооны харьцаагаар ялсан ч Иракийн бөх Мохаммед Саван Абдулблектай өрсөлдөж 0:10 онооны харьцаагаар дийлджээ.
Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70, 74, 97, эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг жингүүдийн барилдаан болно. Энэ өдөр манай бөхчүүдээс 61 кг-д ОУХМ Б.Номин, 70 кг-д Г.Идэрхүү, 97 кг-д Шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй 48 кг-д Ц.Бямбазаяа нар барилдах юм.
Дашрамд өгүүлэхэд, тус тэмцээний 74, 97, 125 кг-ын жингийн тамирчид болох Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Золбоо нар визийн зөрчлийн улмаас Катарын хил давж чадаагүй учир гурван тамирчны оронд Дохад тамирчдаа дасгалжуулахаар очсон багш нар барилдахаар болжээ.
Учир нь Азийн аваргад бүтэн багаар оролцож байж ирэх намар болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэн багаар оролцох эрхтэй болох юм. Өөрөөр хэлбэл, манайхан Дохад 74, 97, 125 кг-ын жинд тамирчнаа барилдуулахгүй бол ирэх намар ЛасВегаст болох ДАШТ-д эдгээр жинд бөхөө илгээх боломжгүй болох байсан юм.
Э.Бэхбаяр ААШТ-ээс алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 1672 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.