Шууд Chart

Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн 175 жилийн ой тохиож байна

2015-05-07 10:44:31

Энэ жил Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ой тохиож байна. П.И.Чайковскийн "Хунт нуур", "Нойрсож буй гоо бүсгүй", "Щелкунчик" буюу "Цөмөөхэй" зэрэг алдартай бүжгэн жүжгүүдийг манай үзэгчид, урлаг уран зохиолын хүрээнийхэн андахгүй мэддэг юм.

Тэгвэл Монголынхоо сонгодог хөгжим сонирхогчдодоо зориулж Улсын Филармонийн Симфони оркестр Чайковскийн 175 жилийн ойг тохиолдуулж тоглохоор болоод байна. Удирдаач СТА Д.Нямдаш удирдан Чайковскийн симфони найрал хөгжимд зориулсан алдарт бүтээлүүд болох "Тавдугаар симфони -1882" симфони удиртгал тэргүүтэй бүтээлүүдийг эгшиглүүлэх аж. 

"Чайковскийн эрин үеэс өмнө балетын хөгжим нь тайзны эгэл жирийн бүжгийн хавсрага мэт байсан бол түүний балетууд тоглогдож эхэлснээр энэ төрлийн хөгжим, дуурь симфонитой тэнцэх хэмжээнд гарч иржээ. Үүгээрээ ч Чайковский хөгжмийн энэ төрөлд шинэчлэл хийсэн юм" гэж урлагийн шинжээчид үздэг. 

Мөн "Хэлэх юм надад хэзээд байдаг болохоор хөгжмөөр би ярьдаг" гэж тэрээр хэлсэн байдаг. Энэ нь үгээр илэрхийлж болохгүй бодол хүслээ хөгжмөөр илэрхийлдэг алдарт хөгжмийн зохиолчийн сэтгэлийн үг юм. П.И.Чайковский 1840 оны дөрөвдүгээр сарын 25-нд Воткинск хотод уул уурхайн инженерийн гэр бүлд төрсөн юм.

Түүний 175 жилийн ойг тохиолдуулан дэлхий нийт тэр дундаа Оросын хөгжмийн хүрээллийнхэн Чайковскийн бүтээлүүдийг эгшиглүүлсэн фестиваль, арга хэмжээ, тоглолтуудыг тавьсаар байна.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн 175 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 1403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй