Өнгөрөгч долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар энэ долоо хоногт ОХУ-ыг зорьж, Аугаа их ялалтын 70 жилийн ойд оролцож байна. Тавдугаар сарын 6-9-ний хооронд үргэлжлэх манай улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд Москва хотноо сурч буй Монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзах, Аугаа их ялалтын 70 жилийн ойд зориулан Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэж буй “Ялалтад тэмүүлсэн морьд”-ын хөшөөг танилцуулах зэрэг ёслолын арга хэмжээ боллоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт хийж, зоог барьсан.
Ганцаарчилсан уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн эдийн засаг, дэд бүтцийн салбар, хоёр орны цаашдын хамтын ажиллагаа, гурван талт уулзалт зэрэг өргөн сэдвээр ярилцсан байна. Түүнчлэн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Евразийн Эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенко, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нар бараалхав.
Аугаа их ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Улаанталбайд жагсах бол Батлан хамгаалах яамны харьяа “Тэмүүжин-Өрлөг” дунд сургуулийн 49 сурагч ОХУ-ын Ангарск хотод цэргийн ёслолын жагсаалд оролцоно. Уншигч та бүхэн Аугаа их ялалтын 70 жилийн ойн сүрт жагсаалыг МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй. МҮОНТ “Ялалт-70” баярын жагсаалыг өнөөдөр 16:00 цагаас Москвагийн Улаанталбайгаас шууд дамжуулна.
Энэ оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлагыг энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Цэргийн зарлан дуудах хуудсыг 18-25 насны залуучуудад 93.6 хувьтай тараасан бөгөөд зарлан дуудах хуудсаа авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, 3х4 хэмжээний 2 ширхэг зураг зэрэг холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих юм. Мөн төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн тухай мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн дипломоо авч очно.
Монгол Улсын "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль", Засгийн Газрын 2008 оны 194 дүгээр тогтоолын дагуу цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах хүсэлтэй 29 хүртэлх насны цэргийн алба хаасан иргэдийг сонгон шалгаруулалтаар элсүүлж, Зэвсэгт хүчний цэргийн ангиудад алба хаалгах юм.
Дүүргүүдийн цэрэг татлагын байр
• Баянгол дүүрэг - “Оюуны ундраа” /96-р дунд сургууль/ цогцолбор
• Баянзүрх дүүрэг - 53-р дунд сургууль
• Сүхбаатар дүүрэг - 31-р дунд сургууль
• Сонгинохайрхан дүүрэг - “Ирээдүй” / 83-р дунд сургууль/ цогцолбор
• Хан-Уул дүүрэг - 34-р дунд сургууль
• Чингэлтэй дүүрэг - 24-р дунд сургууль
Газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-нээс эхлээд байна. Бүртгэлийн хугацаа хуанлийн 15 хоног буюу 05 дугаар сарын 15-ны өдөр дуусна. З дугаар ээлжээр дараах байршилд иргэдийг бүртгэж байна.
Сонгинохайрхан, Шижирийн хөндий
Сонгинохайрхан, Шижир уул
Баянзүрх, Улиастайн бага ам
Баянзүрх, Богдын давааны ам
Хан-Уул, Улаан овоот
Хан-Уул, Улаан овоот
Налайх, Нисэх хотхон
Багануур, Булагтай
Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг
Багануур, Тариан булаг 2-р хэсэг
Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг
Иргэд бүртгүүлэхдээ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудад хандах боломжтой. Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авах боломжтой.
Энэ долоо хоногт улаанбурханы эсрэг вакциныг хуваарийн дагуу орон нутагт хүргүүлж, нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах сургалтууд эхэллээ. Энэ сарын 15-25-ны хооронд улсын хэмжээнд 6 сартайгаас 5 нас 11 сар хүртэлх насны (370 мянга орчим) бүх хүүхдэд улаанбурханы нэмэлт дархлаажуулалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Иймд эцэг, эхчүүд, холбогдох байгууллагууд энэхүү дархлаажуулалтын 10 хоногийн арга хэмжээнд ач холбогдол өгч, товлосон насны хүүхдүүдийг бүрэн хамруулахад анхаарахыг ХӨСҮТ-өөс уриаллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр Аугаа их ялалтын 70 жилийн ойд зориулж орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж байна. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-т МҮОНРТ-ийн хамт олон нэгдэж, мод тарилаа.
Өнөө маргаашдаа төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орох тул даваа, гүвээ цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Тавдугаар сарын 10-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 13-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10, 11-нд говь, талын нутгаар, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн зүүн хагаст, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 1543 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.