Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг 1988, 2005, 2015 гээд гурав дахь удаагаа УДЭТ-ын алтан тайзнаа амилж байна.
Энэхүү жүжгийг АУЗ Б.Лхагвасүрэн тэртээ 1988 онд найруулагч Э.Санчигдан агсанд өгч найруулуулсан нь түүний хувьд драмын алтан тайзнаа өөрийн бүтээлээ толилуулж буй анхны тохиолдол болсон гэдэг. Дараа нь 2005 онд найруулагч, СТА Ч.Түвшин сэргээн толилуулж байсан бол эдүгээ Э.Санчигдан агсны дотны анд УГЗ Ч.Найдандорж найруулж өнгөрсөн баасан гарагт УДЭТ-ын тайзнаа сэргээн тавилаа.
Ийнхүү “Үгүйлэгдсэн хайр” жүжиг цагийн шалгуур давж, хоёр зууны он цаг дамнан тавигдаж байна. 27 жилийн өмнө хийгээд нийгмийн өөр тогтолцооны нэгээхэн үед үзэгч олноо хүрсэн энэхүү бүтээл эдүгээ цагийн бас нэгэн тусгал болж байгаа нь яах аргагүй хэзээ ч хувирч болшгүй хүний мөн чанарын тухай бүтээл гэлтэй.
УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын санаачилгаар сэргээн тавигдаж буй эл жүжгийн нээлтэд ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүд, үе үеийн эрхэм уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байв. Тухайлбал, жүжгийг Э.Санчигдан агсны дотны анд Ч.Найдандорж найруулж, анхны тавилтыг зураач Б.Төмөрхуягийн хүү Т.Аянга хийсэн юм.
“Үгүйлэгдсэн хайр” жүжгийн талаар найруулагч Ч.Найдандорж "Миний анд нөхөр, авьяаслаг найруулагч Э.Санчигдан агсан тэртээ 1988 онд гучин тавхан насандаа энэ том жүжгийг найруулж байсан. Харин би одоо 55 насан дээрээ эл бүтээлийг сэргээж байна. Уран бүтээлчийн анхны найруулгад хүрч чадаагүй гэж би өөрийгөө дүгнэж байгаа. Гэвч өнөөгийн үзэгчид, нийгэмд энэ хосгүй бүтээлийг дахин толилуулах хэрэгцээ, шаардлага байсны үндсэн дээр сэргээн найрууллаа" хэмээн ярьж байлаа.
Харин зураач Т.Аянга: "Үгүйлэгсэн хайр" жүжигт 1988 онд зураачаар ажилласан аав Б.Төмөрхуягийнхаа тэр үеийн сэтгэлгээ, анхны мэдрэмжийг харуулж ажиллахыг эрмэлзсэн. Аль болох анхны хувилбарын өнгө төрхийг шингээж үлдээх зорилго тавьж өөрийн чадах бүхнээ хийсэн дээ" гэсэн юм.
Жүжгийн дүрүүдэд Ардын жүжигчин С.Сарантуяа, СТА Л.Дэмидбаатар, СТА Г.Амгаланбаатар, СТА Б.Болормаа, СТА Б.Нармандах, СТА Д.Баттөмөр, СТА Ц.Цэрэнболд, СТА Г.Отгонцэцэг, залуу жүжигчин Б.Золжаргал, Г.Алтангэрэл, Б.Одгэрэл, Б.Одончимэг, Б.Эрдэнэбаяр, М.Мөнхчимэг, Б.Баяржавхлан нар оролцон тоглож байна.
Мөн энэ үеэр Э.Санчигдан агсны гэр бүл, үр хүүхдүүдэд УДЭТ-ын найруулагчид, жүжигчид хүндэтгэл үзүүлсэн юм.
“Үгүйлэгдсэн хайр” жүжгийг гурав дахь удаагаа сэргээн тавилаа | ||
Үзсэн: 1460 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.