Өнгөрсөн долоо хоногт Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөл болон тус холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадоржийг огцрохыг шаардан Чөлөөт бөхийн холбооны зарим багш, дасгалжуулагч хэвлэлийн хурал хийлгэсэн билээ. Тэгвэл өнөөдөр МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж тэргүүтэй хүмүүс “Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах “Түр хороо”-ны шаардах хуудаст хариу өгч, хэвлэлийн хурал хийсэн юм.
Тодруулбал, Д.Дагвадоржийг огцруулах үндэслэл бүхий 16 баримтыг “Түр хороо”-ноос боловсруулж хүргүүлсэн. Уг шаардах хуудсыг МЧБХ-ноос дүрэм, хөрөнгө оруулалт-санхүүжилт, ёсзүй, ААШТ-нд оролцохоор Доха хотыг зорьсон гурван тамирчинг Дубайн хилээс буцаасан тухай гэсэн дөрвөн агуулгад багтааж хариу мэдээлэл өглөө. Ингээд МЧБХ-ны удирдах зөвлөлиийн гишүүд болон, Ерөнхийлөгч Д.Дагвадоржийн байр суурийг хүргэж байна.
МЧБХ-ны дүрмийг зөрчсөн болон ээлжит Их хурлыг хийгээгүй, холбооны ерөнхийлөгчийг хууль бусаар сонгосон гэсэн шаардах бичигт хуульч н.Батмөнх “МЧБХ дүрмэндэээ “нийгэмд үйлчилдэг гишүүнчлэлгүй ТББ” гэдэг статустай. Ийм статустай төрийн бус байгууллага нь Удирдах зөвлөлийн хурлаараа Ерөнхийлөгчөө сонгох болон бусад асуудлаа шийдэх эрхтэй байдаг. Товчхондоо бүх асуудлыг УЗХ шийдэж болдог. Ингэхээр Холбооны дотоод дүрэмд дур мэдэн өөрчлөлт оруулсан, Их хурлаа хуралдуулаагүй, хууль бусаар Ерөнхийлөгчийг сонгосон зэрэг асуудал нь хууль зөрсөн гэх үндэслэлгүй” гэв.
Харин МЧБХ-ны хөрөнгө оруулалт-санхүүжилтын талаар тус холбооны ерөнхий нягтлан н.Бямбадулам хариулт өгсөн юм. Тэрбээр “МЧБХ-ны 2010-2014 оны санхүүгийн байдлыг авч үзвэл орлогын санхүүжилтын 70 гаруй хувийг ивээн тэтгэгчид хувийн хэвшлийнхэн, 20 гаруй хувийг улсын төсөв, 10 гаруй хувийг нь холбооны хураамж татвараас бүрдүүлсэн байдаг. Эргэн зарцуулалтын байдал нь 40 гаруй хувийг гадаад тэмцээн уралдаанд оролцох, мөн 40 орчим хувийг тамирчдын бэлтгэл сургуулилт, 20 гаруй хувийг цалин хөлс, бичиг хэргийн хангамж урсгал хэрэглээнд зарцуулсан байдаг. МЧБХ өөрийн зохион байгуулсан дотоод, гадаад тэмцээн уралдааныхаа тайланг цаг тухай үед гаргаад явж байгаа. Шаардлагатай бол санхүү тооцоондоо хөндлөнгийн шалгалт шүүлгийг оруулахад ч бэлэн. Мөн сэтгүүлчид үзэж харах, үнэн зөв мэдээлэлтэй танилцах боломжтой” гэсэн юм.
Харин тамирчид тэмцээндээ орж чадаагүйн учрыг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч О.Баянмөнх ийн тайлбарлав. Тэрбээр “Саяхан Катарийн Доха хотод болж өнгөрсөн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан Катарын бөхийн холбооноос тэмцээнд оролцох гадаадын тамирчдыг хилээр визгүй, төлбөргүй оруулах тухай албан бичиг ирсэн. Хоёрдугаарт, тэмцээнд оролцох журмын дагуу Монголын баг тамирчдын тоо болон нэрийн мэдүүлгийг явуулсны үндсэн дээр Катарын хилээр оруулах зөвшөөрлийн хуудас ирсэн. Энд визний ямар нэг асуудал байхгүй. Зөвхөн мэдүүлэг өгөөд үүний дагуу хуудас нь ирсэн юм. Энэ дагуу цаашаа орох эрхтэй. Тамирчин бүрт ирсэн энэхүү хуудсыг гадаад паспортын хамт хил дээр шалгуулан орох ёстой. Мэдүүлгийн хувьд эрэгтэй баг дээр 23 хүний нэр, эмэгтэй баг дээр 14 хүний нэр өгсөн. Мэдүүлэг явуулахад процедурын, бичиг баримтыг нягтлаагүй зэрэг алдаанууд гарсан. Үүнээс болоод Тив дэлхийн тэмцээнд оролцох журмын заалт”-ыг зөрчсөн талаар зохион байгуулагчдаас албан бичиг ирсэн. Үүнд зохих хариуцлагыг тооцно. “Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийг ойрын хугацаанд хуралдуулж үүссэн нөхцөл байдал, алдаа дутагдлыг шүүн хэлэлцэж зохих шийдвэрүүдээ гаргана. Зарим хэвлэл мэдээллйн хэрэгслүүдээр Дубайгаас тамирчдыг авч ирэх тал дээр МЧБХ-ноос ямар ч арга хэмжээ аваагүй гэж шуугисан. Тийм асуудал бол байхгүй. Бид харин ч шуурхай ажиллаж байгаа” гэж ярилаа.
МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж: “МЧБХ болон намайг тойрсон сөрөг агуулга бүхий мэдээлэл нийгэмд хүрч, андуу ташаа ойлголт төрөхөөс эмээж, өнгөрсөн өдрүүдэд холбооныхоо хийж ирсэн ажлыг эргэн харж, шалган хянаж та бүхэнд тайлагнахаар хэдэн өдрийг зарцууллаа. Энэ хугацаанд миний ажлаа авснаас хойш, МЧБХ-ны бүх үйл ажиллагааг менежментгүй, санхүүгийн ямар ч хяналтгүй ажилладаг, идсэн уусан, завшсан зэрэг гүтгэлгийн шинжтэй ирүүлсэн шаардлагад хариу өгөхийн тулд эргэн харж, өөрийн болон МЧБХ-ны удирдах зөвлөлүүдийн ажлыг дүгнэж цэгцэллээ.
Ингээд харахад бидний хөдөөд хүрч ажиллах бодлого маань хэрэгжиж орон нутгийн тамирчдын амжилт өслөө, санхүү хөрөнгө оруулалтын хувьд гурван тэрбум орчим төгрөгийг Монголын чөлөөт бөхийн баг тамирчид, дасгалжуулагчид, тэмцээн уралдаан болоод дэд бүтцийн ажилд зарцуулжээ. Чөлөөт бөхийн тамирчид түүхэнд байгаагүй амжилтыг үзүүлж хэдэн арван жил тасарсан дэлхийн аварга цолыг хүртлээ. Ирэх есдүгээр сард бид гурав дахь дэлхийн аваргыг төрүүлэхээр тамирчдаа өндөр хэмжээнд бэлдэн ажиллаж байна. Ингээд хийсэн болоод хийж байгаагаа яриад байвал хугацаа хүрэхгүй.
Энэ мэт амжилт, бүтээн байгуулалт, багагүй хугацаанд хийсэн тоймтой ажлуудыг маань харлуулж таарахгүй. Тухайлбал, “Түр хороо” гээчийг байгуулж, илгээсэн 16 үгүйсгэлийн ард МЧБХ-ны хийж чадсан ажил, амжилт халхлагдан үлдэж байна. Эцэст нь хэлэхэд, энэ 16 тоот бичиг гүтгэлгийн шинжтэй аж. Шаардлага биш доромжлол гэж хүлээж авахад хүрээд байна. Би өөрийн болон Холбооныхоо нэр төрийг сэргээлгэх асуудлыг ч зөвлөлдөж, хуулийн байгууллагад хандах бодол төрсөн” хэмээн ярьсан юм.
Тэрээр үргэлжлүүлэн “Таныг ёсзүйн хувьд МЧБХ-г удирдаж таарахгүй гэж үзсэн. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?” гэсэн асуултад “Намайг огцрохыг шаардсан мэдээлэл гарлаа гээд би тэдний хэнтэй нь ч утсаар ярьж, чөлөөтийнхний бэлтгэл дээр очиж дарамтлаагүй. Бидний эрхэм зорилго тамирчдынхаа амжилтыг дэлхий нийтэд гаргаж, Монголынхоо тугийг мандуулах шүү дээ. МЧБХ-ны зүгээс чөлөөт бөхөд бүхий л бололцооныхоо хэрээр хөрөнгө оруулалтыг хийж, топ спортынхоо бодлогыг барьж ажилладагийн хувьд шаардлагыг өндөр түвшинд тавьдаг. Спорт бол хатуу дэг жаяг, шаардлагын үндсэн дээр амжилтад хүрдэг. Энэ үүднээс тавьсан шаардлагыг манай багш, дасгалжуулагчид зөвөөр ойлгож хүлээн авч чадахгүй байна. Миний бие ёсзүйн хэм хэмжээ алдатлаа, энэхүү шаардах бичиг гэсэн нэрийн дор буй доромж бичигт намайг дурдсанчлан “сайд дарга, эсвэл гадныхантай гайхмаар эелдэг нялуун харьцдаг”, “ичихгүйгээр хоёр нүүр гаргаж чаддаг, бялдууч” “Монгол Улсын нэр хүндийг гутаан доромжлогч” гэх мэтээр бусдыг дайрч доромжлоогүй. Харин энэхүү шаардах бичиг өөрөө асар ёсзүйгүй үйлдэл болж байна” хэмээн хариулсан юм.
Ийнхүү МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж болон МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Болд, Ж.Түмэн-Аюуш, Шүүгчийн зөвлөлийн дарга Ц.Сэрээтэр, Ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, хуульч н.Батмөнх, нягтлан бодогч н.Бямбадулам нар “Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах “Түр хороо”-ны илгээсэн шаардах бичигт үгүйсгэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Д.Дагвадорж: Шаардлага биш доромжлол гэж хүлээж авахад хүрсэн | ||
Үзсэн: 2023 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.