Шууд Chart

Уулчин Б.Цэвээндашийг Ерөнхийлөгчийн зөвлөх хүлээн авч уулзлаа

2015-05-19 10:10:37

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар “Эрүүл Монгол хайкинг клуб”-ын тэргүүн, уулын спортын олон улсын хэмжээний мастер, ахмад уулчин Б.Цэвээндашийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Б.Цэвээндаш нь олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Гүррагчаагийн хамтаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Эверестийн оргилыг зорьсон юм. Уулчдад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амжилт хүсч, “Монгол түмнийхээ хийморийг бадраагаад ирээрэй” хэмээн, гарын үсгээ зурсан төрийн далaбааг гардуулсан билээ. Уг далбааг уулчин Б.Цэвээндаш Эверестэд хүргэсний дараа Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатарт эргүүлэн гардуулж байгаа юм.

Уулчин Б.Цэвээндаш энэ үеэр хэлэхдээ “Эверестийн оргилыг зорих замдаа саадгүй орсон ч байгалийн гамшиг нүүрлэсний улмаас авиралтаа зогсоохоос аргагүйд хүрлээ. Бид далайн түвшнээс дээш 7180 метрийн өндөрт хүрсэн бөгөөд энэ нь 80 гаруй хувийн амжилт гэсэн үг юм. Тухайн бүс нутагт сүүлийн 100-аад жилийн турш болоогүй хүчтэй газар хөдлөлт болж, БНХАУ-ын Засгийн газраас шийдвэр гарган, Эверестэд авирч байсан бүх уулчдыг буулгаж, авиралт хийхийг түр хугацаанд хориглосон.

Хэдийгээр зорилгоо бүрэн биелүүлж чадаагүйдээ харамсч байгаа ч нөгөө талаас эх орондоо эсэн мэнд ирсэндээ баярлаж байна. Аливаа улсын сүр сүлд төрийнхөө далбаанд байдаг. Гималайн нурууны салхи шингэсэн төрийн алтан соёмбот далбаагаа эргүүлэн гардуулж өгсөндөө баяртай байна. Сар гаруй үргэлжилсэн авиралтын туршид бидэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байсан, биднийг дэмжиж тусалсан та бүхэндээ баярлаж байна” гэжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Уулчин Б.Цэвээндашийг Ерөнхийлөгчийн зөвлөх хүлээн авч уулзлаа   
Үзсэн: 740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй