Шууд Chart

Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейн салбар хуралдаанууд үргэлжилж байна

2015-05-19 17:20:56

Өнөөдөр Төрийн ордноо эхэлсэн Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейн салбар хуралдаанууд Чингис хаан, Корпорэйт зочид буудлуудад явагдаж байна. Гадаад, дотоодын 23 орны 600 орчим зочин төлөөлөгч оролцож буй энэ удаагийн чуулганд хэд хэдэн салбарыг хамарсан томоохон илтгэлүүд тавигдаж байгаа. Тодруулбал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, тогтвортой хөгжлийн зорилтуудад залуучуудын оролцоо, тогтвортой хөгжлийн зорилтууд, эрүүл мэнд, жендэр гэх мэт сэдвүүдээр Азийн залуучууд хуралдаж байна.

Манай улсын хувьд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэлээд муу гэсэн статистик тоо гарсан бөгөөд үүнтэй холбогдуулан Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Бэлгүтэйгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн салбар хуралдаанаар яг ямар асуудлыг голчлон ярилцах вэ?
-Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гэдэг өнөөгийн нийгэмд хамгийн их тулгамдаж байгаа асуудлын нэг. Тийм ч учраас тогтвортой хөгжлийн зорилтод Залуучуудын оролцоо чуулганд хөдөлмөр эрхлэлтийн асуудал салбар хуралдаан болон орсон. Ер нь бол залуусын оролцоо, дуу хоолойг тогтвортой хөгжлийн зорилтод тусгах хамгийн том зорилгыг тавин ажиллаж байна. Азийн улс орнуудын манай улсаас ялгагдах онцлог нь хүн амын тоо байдаг. Тэгэхээр тэдгээр улс орнуудын залуучуудад ажлын байрны дутагдал, хомсдол ихээр гардаг байх юм. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг мөн ярилцах болно.

-Манай улсын хувьд ажилгүй иргэдийн олонх нь 15-25 насныхан байна гэх статистик мэдээ бий. Энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр өнөөдрийн салбар хуралдаан ямар үүрэг гүйцэтгэх бол... ?
-Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсад ажилгүйдлийн кофцент 7.4-7.7 хувь байгаа. Энэ нь дэлхийн улс оронтой харьцуулахад харьцангуй гайгүйд тооцогдоно. Ер нь ажилгүйдлийн түвшин 10 хувьд байхад хэвийн гэж үздэг. Үүнээс дээш гарвал ажилгүйдэл нэмэгдэж байна гэж үздэг. Нөгөө талаар хөдөлмөр эрхлэгчдийн цалин бага, ажлын орчин нөхцөл муу, хөдөлмөрийн гэрээгээ биелүүлдэггүй гэх мэт олон асуудлыг ярьж болно. Таны хэлсэнчлэн ажилгүй иргэдийн дийлэнх нь залуус байгаа хэдий ч тэдгээрийн 70 гаруй хувь нь тогтмол ажил хайгч, идэвхтэй иргэд байгаа юм. Түүнчлэн манай ажил олгогчид дөнгөж сургуулиа төгссөн боловсон хүчнүүдээс ажлын туршлага нэхдэг. Энэ нь ажил хайгч залуусын хувьд нэлээд том шалгуур болж өгдөг байгаа юм. Энэ мэтийн олон асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдгийг өнөөдрийн салбар хуралдааны хүрээнд ярилцах болно. Ийнхүү ярилцаж, гаргасан шийдвэрийг НҮБ-д хүргүүлэх нь гол зорилго болоод байна.

-Хөдөлмөр эрхлэлтийн салбар хуралдаанд аль орны төлөөлөгч илтгэлээ тавих вэ?
-Манай улсын, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын мэргэжилтнүүд голчлон илтгэл тавина. Зарим орны төлөөлөл өөрсдийн хувийн туршлага болоод улс орныхоо туршлагыг хуваалцаж үг хэлнэ.

-Азийн орнууд манай залуучуудыг ажилд авах тал дээр хэрхэн ханддаг юм бол. Танай биржийн зүгээс монгол залуусыг гадаадад ажилд зуучлах тал дээр ямар арга хэмжээ авч байна?
-Япон, Солонгосын зүгээс монгол залуусыг оюуны хөдөлмөр хийлгэхээр авч ажиллуулах санал тавьдаг. Монгол залуус энэ тал дээрээ илүү чадавхижиж чадвал дэлхийн ямар ч улсад ажилд орох боломжтой. 

Ийнхүү Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейн хуралдаан таван сэдвийн хүрээнд хэлцэгдэж байгаа бөгөөд маргааш Залуу бизнес эрхлэгчдийн форум, Зүүн хойд Азийн Залуучуудын симпозиумаар үргэлжилнэ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейн салбар хуралдаанууд үргэлжилж байна  
Үзсэн: 2661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй