Шууд Chart

Залуу бизнес эрхлэгчдийн форум боллоо

2015-05-20 15:16:50

Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейн хүрээнд зохион байгуулагдаж буй “Залуу бизнес эрхлэгчдийн форум” Чингис хаан зочид буудалд үргэлжилж байна. Энэхүү форумд гадаад, дотоодын 200 орчим зочид, төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Хөрөнгө оруулалтын газрын сурталчилгаа зөвлөх үйлчилгээний хэлтсийн дарга Д.Ирмүүн “Монголд бизнес эрхлэх боломжууд ба хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж, форумыг эхлүүлсэн юм. Манай улсын хувьд Азийн залуучуудын чуулганыг зохион байгуулж байгаа гэдэг утгаараа энэхүү форумаас нэлээд хэдэн үр дүнг хүлээж байгаа гэнэ. Хамгийн гол нь Азийн улс орнуудын бизнес эрхлэгч залуус туршлага солилцож, хамтран ажиллах боломжийг бүрдүүлж буй нь өнөөдрийн форумын зорилго ажээ.

Г.Эрдэнэгэрэл: Залуу бизнес эрхлэгчдэд Азийн залуустай хамтарч ажиллах боломжийг нээж байна

Форумыг зохион байгуулагч МЗХ-ны Стратеги судалгааны “Полиси” төвийн захирал Г.Эрдэнэгэрэлтэй цөөн хором ярилцлаа.

-Өнөөдрийн форумаар ямар асуудлуудыг ярилцах вэ. Форумын үр дүнд юуг хүлээж байна?
-Бид форумын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг нэлээд өргөн хүрээнд авч үзэж, хэлэлцэж байна. Түүнчлэн энэхүү форумаар дамжуулан залуу бизнес эрхлэгчдийн бизнес эрхлэх орон зайг нэмэгдүүлж, бизнесээ өргөтгөх боломжийг нээж өгөхөд анхаарч байгаа. Форумд оролцож буй залуус ч энэ тал дээр түлхүү анхаарч байгаа нь харагдаж байна. Монголын Хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн энэ талаарх анхны илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн бол хоёр дахь илтгэл Монголын бизнес эрхлэгчдийг Азид яаж дэмжих юм бэ гэдгийг илэрхийлэх болно. Тэгэхээр форумын хэлцэгдэх асуудлууд болоод эцсийн үр дүн хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх вэ, хэрхэн хамтран ажиллах вэ гэдэгт төвлөрнө.

-Залуу бизнес эрхлэгчдийн чуулганд оролцогчид ямар орны бизнес эрхлэгчид байна. Ямар чиглэлээр бизнес эрхлэгчид илүү олон байгаа вэ?
-Япон, Солонгос, Хятад, Хойд Солонгос гэх мэт орны тэргүүлсэн 23 орны зочид төлөөлөгчид өнөөдрийн форумд оролцож байна. Бидний хувьд Монгол Улс энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа, илүү давуу эрхтэй гэдэг утгаараа дотоодын бизнес эрхлэгч залуусыг түлхүү урьсан байгаа. Харин салбарын тухайд статистик тоо баримтыг шүүн тунгааж хамгийн нийтлэг, ашигтай хөгжиж буй зургаан салбарыг сонгосон. Үүнд, жижиг дунд үйлдвэр, банк санхүү, мэдээлэл технологи, худалдаа үйлчилгээ гэх мэт зургаан салбарыг дурдаж болно. Азийн энэхүү зургаан салбарт Монголын бизнес эрхлэгч хэрхэн хамтарч ажиллах вэ, ямар боломж байна вэ гэдгийг өнөөдрийн чуулганаар ярилцаж байна.

-Өнөөдрийн форумд оролцсон залуус 23 орны бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоож, хамтран ажиллах боломжтой болно гэж ойлгож болох уу?
-Цаг хугацааны хувьд нэлээд шахуу явагдаж байгаа болохоор тэр бүртэй холбоо тогтоож, хамтран ажиллах гэрээ үзэглэнэ гэж байхгүй. Тиймээс түүнийг харгалзан үзсэний үндсэн дээр зохион байгуулагчдын зүгээс Монголын залуу бизнес эрхлэгчдийн  танилцуулга, онлайн хаяг, холбоо тогтоох утасны дугаар гэх мэтийг оруулсан дижитал сэтгүүлийг хэвлэн өнөөдрийн төлөөлөгчдөд тараасан. Тэгэхээр форумын дараа бие биетэйгээ холбогдож хамтран ажиллах боломж нээлттэй гэсэн үг.

Гордон Чинг: Залуус бэрхшээлийг боломж гэж харалгүй өнгөрдөг нь хамгийн том алдаа

Залуу бизнес эрхлэгчдийн форумд “Азийн зах зээл дэх бизнесийн стратеги ба инноваци” сэдвээр илтгэл тавьсан АЙЭСЭК олон улсын оюутны байгууллагын технологи хариуцсан ахлах ажилтан бөгөөд дижитал маркетингийн олон улс дахь Дэд ерөнхийлөгч Гордон Чингтэй ярилцлаа.

-Та өнөөдөр Азийн зах зээл, стратеги, инновацийн талаар илтгэл тавилаа. Азийн зах зээл дээр залуус ямар бизнес эрхлэх боломжтой байна вэ?
-Ази болон Европын зах зээлд залуус бизнес эрхэлж, түүгээрээ амжилт үзүүлсэн олон тохиолдлыг нэрлэж болно. Жишээлбэл, фэйсбүүкийг үндэслэсэн Марк Зюкэрбэрг гэх залуу хэдхэн жилийн дотор дэлхийн бүх хүнд хүрч чадсан нийгмийн сүлжээг бий болгож чадлаа. Түүнээс өөр олон залуус энэ мэтийн том бизнесийг эхлүүлэх боломжтой. Азийн залуусын хувьд бизнесээ эхлүүлэхийн тулд нэлээд олон зүйлийн талаар болох хэрэгтэй байдаг. Хэрхэн цаг зарцуулах, найдвартай юу гэдгийг шийдвэрлэхээс эхлээд залууст олон асуудал тулгардаг ч үүнээс айлгүй, бэрхшээл бүрийг бэрхшээл гэж харалгүй боломж болгох хэрэгтэй. Тэгж чадвал залуу хүн бүрт боломж бий.

-Монгол Улс залуу бизнес эрхлэгчдээ яаж дэмжих хэрэгтэй вэ. Танай улсын хувьд залуу бизнес эрхлэгчдээ дэмжих ямар нэгэн бодлого баримталдаг уу?
-Монгол Улсын хувьд хоёр асуудал байна. Нэгдүгээрт, танай улсын боловсролын систем залууст тийм ч тохиромжтой биш. Хоёрдугаарт, залуус өөрсдийн ажил мэргэжлийн тухайд ойлголтын түвшин тааруу байдаг зэргийг дурдаж болно. Тэгэхээр энэ хоёр зүйлийг анхааралдаа авч, зөв голдиролд нь оруулчихвал бизнес эрхлэгч залуу боловсон хүчин аяндаа нэмэгдэх байх. Манай улсын хувьд гадаад, дотоодод мэргэжил эзэмшсэн залуусаа эх орондоо бизнес эрхлэх боломжоор нь хангахыг хичээдэг. Хамгийн гол нь бизнес эрхэлж байгаа хүмүүс бэрхшээлийг боломж болгож хардаг байгаасай. Азийн залуусын нэг том алдаа нь нэг алдахаараа ахиж алдах вий гэхээс айгаад өөр шинэ ажил хийж чадахаа больчихдог. Үүнийг л, тэрхүү айдсыг л сэтгэхүйгээсээ аваад хаячихад бүх зүйл болно.

Залуу үеийнхний гаргасан шинэ санааг үргэлж дэмжих хэрэгтэй

Залуу бизнес эрхлэгчдийн форумд оролцогч Австралийн иргэн Пинэтт Фуөнгтэй ярилцлаа.

-Өнөөдрийн форумд оролцож буй сэтгэгдлээ манай уншигчдад хуваалцаач?
-Би Монголд амьдраад нэг жил болж байна. Миний бие Монголд бизнес эрхлэх олон боломж байгаа гэж үздэг. Танай улсад амьдрах хугацаандаа статистикийн тоон баримтуудыг сонирхон судалж байна. Судалгаанаас үзэхэд танай улсын газар тариалан, хөдөө аж ахуйн салбар хөгжих боломж байгаа. Түүнчлэн гадаадын иргэд Монголд ирээд хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр их ажилладаг болохыг хараад гайхсан шүү. Энэ салбаруудыг хөгжүүлбэл гадаад, дотоодын урсгалыг нэмэгдүүлэх боломж байна.

-Өмнө нь иймэрхүү форумд оролцож байв уу. Танай улсын хувьд залуу бизнес эрхлэгчдээ хэрхэн дэмждэг вэ?
-Өмнө нь олон улсын хэд хэдэн хуралдаанд оролцож байсан. Монголд ирснээс хойш анх удаагийн олон улсын хэмжээний том чуулган болж байна. Ер нь бизнесийн талаар их сургуульд байхдаа ч  сонирхон судалдаг байлаа. Австрали улсын хувьд бизнес эрхлэгчдээ бизнес эрхэлж буй чиглэл чиглэлээр нь ялгаж дэмжлэг үзүүлдэг. Залуу бизнес эрхлэгчдийнхээ шинэ санааг  сонсож, тэдгээрийг хооронд нь байнга уулзуулж, холбоотой байлгадаг. Түүнчлэн залуу үеийнхнээ дэмжиж, тэдний гаргасан шинэ санааг урамшуулан, идэвхжүүлэхийг илүүд үздэг. Харин танай улсын хувьд залуу хүмүүс ихтэй. Тиймээс тэрхүү залуусыгаа дэмжиж, идэвхжүүлэх олон боломж танай улсад байна. Залуу үеийнхээ шинэ санааг тусган авч, сэдэлжүүлэх нь ирээдүйд Монголын эдийн засагт үр өгөөжөө өгөх нь тодорхой. Хамгийн гол нь ямар их нөөц боломж атгаж явааг нь залуу үедээ ойлгуулах хэрэгтэй юм шиг санагддаг.

Ийнхүү энэ сарын 18-нд манай улсад ирсэн төлөөлөгчдийн уулзалт өнөөдөр "Залуу бизнес эрхлэгчийн форум", "Зүүн Хойд Азийн Залуучуудын симпозиум"-аар үргэлжилж, Цонжин Болдог цогцолборыг үзсэнээр өндөрлөх юм. XIII Ассамблейн хүндэт төлөөлөгчид маргааш эх орон руугаа буцна.

 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Залуу бизнес эрхлэгчдийн форум боллоо  
Үзсэн: 3097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй