Шууд Chart

Хятад улсын Жин Жөү хотын дарга Сүхбаатар аймагт айлчилж байна

2015-05-22 11:51:43

БНХАУ-ын Ляонин мужийн Жин Жөү хотын дарга Люй Шинвэй тэргүүтэй төлөөлөгчид Сүхбаатар аймагт ажлын айлчлал хийж байна. Аймгийн удирдлагууд  болоод БНХАУ-ын төлөөлөгчид өнөөдөр Нутгийн удирдлагын ордонд суудлын хуралдаан хийсэн юм. Хуралдаанаар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь аймгийнхаа нийгэм, эдийн засгийн байдал, бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж, цаашид Жин жөү хот болон Шилийн гол аймаг, Авга хошуутай хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар ярилаа. Ази Европыг холбосон төмөр замыг барих ажлыг Засаг даргын бүрэн эрхийн хугацааны турш  Жин Жөү хотын дарга Люй Шинвэй Сүхбаатар аймаг нь ХАА салбар тэр дундаа, МАА салбарыг хөгжүүлж, нэг хүнд ногдох малын тоогоор улсдаа тэргүүлж, өрсөлдөх чадварын судалгаагаар 21 аймгаас 4-т орж, Засаглалын үзүүлэлтээр тэргүүлж байгаа нь орон нутгийн хөгжилд онцгой чухал болохыг дурдаад Засаг дарга Ж.Батсуурь, өөрийн нэртэйгээ ижил орон нутгийнхаа хөгжлийн суурийг ийн бат сайн тавьжээ гэлээ. Мөн Эрдэнэцагаан суман дахь Олон улсын Бичигт боомтыг Жин Жөү боомттой холбох төмөр замыг барьж байгуулах ажлын талаар ярилцах нь энэ удаагийн ирсэн ажлын гол зорилго хэмээн онцолсон юм. БНХАУ-ын нутаг дэвсгэр дэх төмөр зам баригдсан, одоо Монгол улсын Сүхбаатар аймгийн нутагт баригдах төмөр замын асуудлаар орон нутгийн удирдлага, түүнчлэн холбогдох яамдтай уулзаж, хэлэлцээрт хүрэх зорилготой байгаагаа дурдлаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошууны Шилийн гол аймгийн захиргааны дэд дарга Өлзий Баруун-Урт хотод хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд үлэмж их өөрчлөгдсөнийг нүдээр үзлээ хэмээн яриагаа эхлүүлсэн юм. Түүний хувьд Шилийн гол аймгаас Сүхбаатар аймагт тавьж буй хоёр асуудлыг танилцууллаа.

Нэгдүгээрт “3+3” буюу Монгол Улсын зүүн гурван аймаг, БНХАУ-ын гурван аймгийн 6 талт уулзалтын товыг тогтож, ярилцаж шийдвэрлэх асуудлыг тодорхойлох, хоёрдугаарт Зүүн Хатавчийн боомтод Ази Европыг холбосон 6 талтын уулзалт, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах хугацааг тогтох зэрэг багтаж байв.

Ийнхүү хуралдаанаар “3+3” уулзалт болон Зүүн Хатавчийн уулзалтыг энэ оны долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахаар товлосон юм.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хятад улсын Жин Жөү хотын дарга Сүхбаатар аймагт айлчилж байна  
Үзсэн: 1086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй