Шууд Chart

Байгаль эхийн бүтээсэн хайрын бэлгэдлүүд...

2015-05-27 12:47:19

Байгаль ээжийн бүтээсэн хайрын төгөлүүдийг төрмөл авьяасаараа тодорсон яруу найргийн хамт дээжлэн толилуулж байна. 

...Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урын шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насны хөлд улирч хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй...

Хамгийн гоё цэцгэн дээр зөгий эхлээд буудаг
Хамгийн гоё төрснийг чинь эрчүүл эхлээд хардаг
Харанхуй үдшийг сүлэн бүжин сар тормойж
Ханатыг чинь гийгүүлэх бүсгүйчүүд минь ирдэг ээ

Дарь эх хорин нэг байдаг нь худлаа
Даруухнаараа айл бүхэнд нэг нэгээрээ бий
Харчуул минь бид чинь бурхадтай нөхөцсөн улс
Хайрын өмнө залбирч бүсгүйчүүдээ үнсье



Дурлалын дарсанд хөлчүүрсэн хорин тавны зүрхэн дээгүүр
Дууны цэнхэр дугараа шиг чиний  дурсамж хөвөрнө
Дэндүү ялдам харцанд нь гуниг уйтгараа гээсэн
Дэргэдээ суулгаад хараад баймаар хүний сайхан үр минь



Мөнгөн сарны ганцаардлыг
Мянган жил аргадах
Мөнхийн гэрэлт од
Чамдаа би хайртай



Надад хайртайг чинь би мэдсээр байж
Хэнд хайртай вэ гэж асуух дуртай
Надаас өөр хүн байхгүйг чинь мэдсээр байж
Чам руу хэн харах вэ гэж шинжих дуртай



Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй
Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй
Намар болоход ариун хайр гандахгүй
Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй



Өлмий дор чинь хайраа булаад
Үхэж болшгүй орчлонд хөлөө төөрүүллээ
Өрөөлийн уруул руу цорвойж жаргахад чинь
Өлмий дор чинь ивээс болог дээ миний хайр



Сайрхах юм даанч биш дээ
Санчигандаа бууралтай эрд би хайртай
Жаргахын өмнө зул бадамлан асдаг шиг
Дөч гарсан эр үнэнч л баймаар даа
Намар оройн жимс гашуун болоод амттай
Надад дурласан та минь хаан бугуйвчаар дөнгөлөөтэй
Янаг зөөлөн харцны чинь аясаар
Ятга, хуур шиг хөглөгдөх дуртай
Уруулын минь будгийг цамцныхаа хээнээс
Угааж орхидог муухай зантай ч
Урваж хөрвөдөг насны минь аалийг
Уучланхан боддогт тань би хайртай



Аргадаж ирээгүй анхны хайр минь надад хатуурхаж
Арван найман насыг минь гэнэн, тэнэг гэж чамлачихаад
Хүлээтэй орчлонгийн нугачаан дунд толгой эргэтэл зэмлээд
Хүрдэт амьдралын харгуйгаар эргэж чиг харалгүй буцав
Зүүдэн бор хоногуудад хааяа нэгхэн учиръя гэтэл
Зүс буруулсан тохиолд сэтгэл холбироод тогтсонгүй



Тэртээх хаврын өдрүүдийнх шиг хөтлөлцөөд нэг алхалмаар
Тийм яруухан мөч хүлгийн төвөргөөн шиг нижигнэн
Уйтай сэтгэлийн минь аниргүйг сэрээнэ
Уулга алдан айсуй
Үгүйдээ хайрт минь би мартаж чаддаггүй
Үнэндээ чи ч бас мартагдахыг хүсдэггүй
Харцны чинь гэгээнд шүлэг тэрлэж явахад
Хаврын шувуудын дуун эцээд болдоггүй ээ

 

Заяа заяагаа дагасан тавилан гэж байхаас
Зайгүй дотнохон сэтгэлд хагацал гэж байдаггүй
Мянган хунгийн жигүүрийн салхинд сэмрэх
Мяндсан үүл шиг хэврэгхэн сэтгэл надад байдаггүй
Орь залуу нас хийгээд гуниг уйтгарын тухай
Одоо би шүлэглэхээ больсон
Өтгөн мөчирт зугаацаж ханаад гургалдай нисэж одох мэт
Өнгөрч холдсон дурсамжаасаа аажуухан залхах болсон
Чиний тухай мөрөөдөж ханасан амраг минь
Чээжин дэх нууцаа задлахыг чинь харин хүлээхгүй
Аянч хун нуурын толионд буух шиг л
Алжааж хүлээсэн цаг мөчүүд миний мэдэлд ирлээ
Мянган жил өнгөрсөн ч шинэхэн байх үгийг
Магад би одоо л хэлье чамд би хайртай

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Байгаль эхийн бүтээсэн хайрын бэлгэдлүүд...  
Үзсэн: 2703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй