Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудын тоймыг хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавдугаар сарын 20-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийгээд энэ долоо хоногт эх орондоо ирлээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Токио хотноо болсон “Азийн ирээдүй” форумд оролцон илтгэл тавьсан юм. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гол зочноор уригдан оролцсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч С.Сакакибара, Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон,Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда нар бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Кристофер Лоэк нар Монгол Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс хоорондын дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.
Монгол туургатны сүлд хайрхан болсон өнө эртний түүхтэй “Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх тахилга, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих төрийн их ёслол тавдугаар сарын 27-ны өдөр боллоо. Уг тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Гарамгайбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Гандантэгчэнлин хийдийн Тамгын дарга лам н.Эрдэнэхүү Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Оюунбаатар болон орон нутгийн удирдлагууд, иргэд оролцсон. Одоогоос таван жилийн өмнө буюу 2010 онд Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх санал боловсруулан ЮНЕСКО-д бүртгүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл болгосон билээ. Өдгөө энэхүү бүртгэх ажиллагаа ЮНЕСКО-гийн холбогдох журам дүрмийн дагуу ахицтай явагдаж байгаа аж.
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн алдагдлыг бага зардалтай, урт хугацаатай эх үүсвэрээр санхүүжүүлэх, төлбөрийн тэнцлийг дэмжих, дунд хугацаанд эргэн төлөгдөх Засгийн газрын болон Засгийн газрын баталгаа бүхий гадаад үнэт цаасны эргэн төлөлтийн хугацааг сунгах, төсвийн ачааллыг жигдлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авах зорилгоор нэг тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.
Үнэт цаас гаргахад техникийн туслалцаа үзүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг Хөгжлийн банкаар дамжуулан сонгож, Төлбөрийн агент томилох гэрээ, Үнэт цаасны захиалгын гэрээ болон үйл явцтай холбогдсон гэрээ, хэлцлийг байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайдад даалгасан.
Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдсэнээр олон улсын хөрөнгө оруулагчид манай улсыг бага эрсдэлтэй гэж үнэлэх болсон. Олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондыг худалдан авах сонирхолтой болж, Засгийн газар гадаад бонд гаргахад олон улсын зах зээлд тааламжтай нөхцөл бүрдсэн гэж салбарын яам үзэж байгаа юм.
"Олон Улсын энхийг сахиулах өдөр" өнгөрөгч баасан гарагт тохиолоо. Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо нь анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 6700 гаруй цэргийн алба хаагч, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан эвслийн цэргийн ажиллагаанд нийт 4500 орчим цэргийн алба хаагч тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд 2014 оны 6 дугаар сарын үзүүлэлтээр нийт 940 цэргийн алба хаагч (үүнээс ажиллагааны газар оронд 61 эмэгтэй)-ийг 6 ажиллагаанд илгээн оролцуулж, 30 дугаарт жагссан байна.
Цагдаагийн байгууллагаас хилээр зорчихдоо хүний ачаа авахгүй, харж өгөх хүсэлтийг нь биелүүлэхгүй байхыг албаны хүмүүс анхааруулж байна. Тодруулбал, монголчуудын хамгийн ихээр зорчих болсон Хонгконгийн нисэх онгоцны буудал дээр онгоцоо хүлээгээд зогсож буй хүнд сэжиг бүхий монголчууд өөрийнхөө гар тээш, ачаагаа "Түр харж байхгүй юу. Гарч, хоол идчихээд ирье" гэж хэлээд орхин явдаг тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа бөгөөд тэрхүү ачаа тээшинд хууль бус ачаа явах нь их байдаг байна.
Улаанбурхан өвчний гаралт их байгаа. Улсын хэмжээнд энэ өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралт 88 хувьтай байна. Тиймээс нэмэлт дархлаажуулалтын хугацааг зургаадугаар сарын 5 хүртэл сунгалаа.
Хуульд зааснаар хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй. Харин албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг. Ажлын хэсгийн даргаас өгсөн үүргийн дагуу өнөө, маргааш Чингисийн талбайд төвийн 6 дүүргээс нэмэлт цэгүүд байрлуулан 10.00-17.00 цагийн хооронд татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн байдлаар явуулахаар болжээ.
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар хүйтэн салхитай байна. Тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 2-нд нутгийн баруун хагаст, 3-нд ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 31-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр, 6 сарын 3-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 2282 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.