
Дэлхийн нийт тамхины хэрэгцээний гуравны нэгийг дангаараа хэрэглэдэг БНХАУ-ын нийслэл Бээжинд энэ сарын 1-нээс эхлэн олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ. Тамхи татдаг 300 сая хүнтэй, жил бүр нэг сая гаруй хүн тамхидалтаас үүдсэн өвчнөөр нас бардаг тус улс 2011 оноос олон нийтийн газар тамхи татахыг хуулиар хориглосон ч төдийлөн хэрэгждэггүй байсан. Тиймээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Бээжинд тусгайлан хатуу хууль баталж өгсөн нь энэ сараас хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Бээжинд дэлгүүр, зоогийн газар, албан байгууллага, нийтийн тээвэр гээд олон нийтийн газарт тамхи татах нь бүрэн хориотой болж, хууль зөрчигчдийг 200 юаниар торгож эхэлжээ. Дотор тамхи татахыг хориглосноос гадна сургууль, эмнэлэг, спорт заалны ойр орчимд гадаа тамхилахыг ч хууль зөрчсөнд тооцно. Гэхдээ энэ хуульд хамгийн ихээр өртөгсөд нь хувь хүн биш, харин үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд гэж Хятадын дотоодын хэвлэлүүд бичиж байна. Үйлчлүүлэгч, хэрэглэгч нь тамхи татсаар байтал үл тоомсорловол 10 мянган юаниар торгож, хууль зөрчсөн тохиолдол давтагдвал үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг нь хураах юм байна. Өмнө нь, хууль байсаар байтал тамхиа татсаар байсан хятадууд энэ удаагийн хуулийг хэр мөрдөхийг харах л үлдэж байна.
Эрчүүдийнх нь талаас илүү хувь нь тамхи татдаг, Мао Зедун, Ден Сяопин гээд өмнөх үеийн удирдагчид нь хүртэл тамхи барьсан дүр төрхөөрөө танил болсон тус улсад тамхины эсрэг кампанит ажлыг эрх баригчид нь дорвитой явуулж байгаа. Ерөнхийлөгч Си Жиньпин гэхэд өөрөө тамхинаас гараад зогсохгүй төрийн бүх албан хаагчдыг тамхинаас гарахыг үүрэгдсэн юм. Ингэж тамхины эсрэг тэмцэж байгаа нь дор хаяж 20 сая хүнийг үхлийн аюултай дам тамхидалтын нөлөөнөөс хамгаална гэж ДЭМБ-аас мэдээлж байна.
Бээжинд олон нийтийн газар тамхи татахыг хоригложээ | ||
Үзсэн: 1090 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.