
Индонезид цаазлуулсан Австралийн хоёр иргэний асуудал НҮБ-ын түвшинд хүртэл яригдаж эхэллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Индонези улсыг гадаадын иргэдийг цаазаар авсан явдалд харамсч байгаагаа мэдэгдээд, ялын дээд хэмжээ сонсоод буй бүх хоригдлоо суллахыг уриалсан байна. Тэрбээр “XXI зуунд цаазаар авах явдал байж таарахгүй” гэж хэлсэн ч Индонезийн тал эцсээ хүртэл байр сууриа хамгаалсаар байна. Тус улсын ерөнхий прокурор “Цаазын ял гүйцэтгэх сайхан хэрэг биш гэдгийг бид мэднэ. Гэвч улс үндэстнээ хар тамхины аюулаас авран хамгаалахын тулд үүнийг заавал хийх ёстой” гэж мэдэгджээ.
Индонезтэй маш сайн харилцаатай Австрали улс хоёр иргэнээ цаазлуулсны дараа тус улс дахь Элчин сайдаа татаж, асуудал хэр хурцадсаныг харуулаад байгаа. Хоёр улсын харилцаа цаашид хэрхэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч энэ явдал маш том хар толбо үлдээлээ гэж Австралийн Ерөнхий сайд Тони Эббот мэдэгдсэн билээ.
Олон улсад шуугиан тарьсан энэ хэргийг тойрон үйл явдал ийн өрнөж байх хооронд харийн нутагт 10 жил хоригдож, эцэстээ ялаа эдлэн цаазаар авахуулсан Австралийн хоёр иргэний нэг Эндрю Чаны захидал олон нийтэд хүрч эхэллээ. “Балигийн ес” гэж нэрлэгдсэн хар тамхины бүлэглэлийн толгойлогч тэрбээр хийсэн хэргийнхээ ялыг эдлэн шоронд хоригдож байхдаа бага залуу насанд хийсэн алдаа амьдралд нь ямар хар бараан толбо үлдээдгийг хүүхэд залууст ойлгуулах үүднээс захиа бичсэн юм байна. Түүний захидлыг олон сая хүүхдэд хүргэх үүднээс найруулагч Малинда Руттер Эндрю Чаныг оролцуулан “Dear Me” хэмээх баримтат кино хийж, захидлыг нь өөрөөр нь уншуулсан байна. Одоо Австрали, Их Британийн дунд сургуулийн сурагчдад үзүүлж эхлээд буй уг захидалдаа Эндрю Чан хэрхэн өсвөр насны хүү байхаасаа эхлэн буруу замаар орсноо өгүүлжээ. Тэрбээр, 15 настайгаасаа чанга, хүчтэй эр болохыг мөрөөдөн буруу хүмүүстэй нөхөрлөж, хар тамхи хэрэглэж эхэлсэн бөгөөд тухайн үедээ эцэг эхээсээ нуух гэж оролддог байсан муу зуршил нь эцэстээ хяналтаа алдаж, харь улсад цаазын ял сонсох хүртлээ даамжирчээ. Түүний хар тамхины бүлэглэлд багтдаг 20 гаруй хүнээс ес нь нас барж, бусад нь бүгд шоронд орсон байна. Энэ бүхний эцэст тэрбээр хамаг амьдралынхаа гуравны хоёрыг торны цаана өнгөрүүлж, гэр бүлийнхнийхээ баяртай, гунигтай аль ч үед нь хамт байж чадаагүйгээр барахгүй, хайртай хүмүүсээсээ шоронгийн ханаар тусгаарлагдан гар ч хүрэх эрхгүй амьдарч байгаадаа сэтгэл хамгийн их гутарснаа бичсэн байна. Хар тамхи хүнийг ямар замд хөтөлдөгийг өөрийн биеэр амссан учраас хүүхэд залуусыг хэзээ ч битгий буруу замаар ороорой, өнөөдөр гаргасан шийдвэр чинь маргаашийн амьдралыг бүтээдэг юм шүү гэж эцэст нь захижээ.
Индонезийн Бали арлаас Австрали руу 8 кг геройн авч гарах гэж байгаад 20 гаруйхан насандаа шоронд орсон Эндрю Чан 2005-2015 он хүртэл шоронд хоригдсон юм. Тэрбээр цаазаар авах ял гүйцэтгэхээс урьтаж найз бүсгүйтэйгээ шоронд гэрлэлтээ батлуулсан юм.
Индонезид хар тамхины хэргээр цаазлуулсан Австрали иргэдийн асуудал НҮБ-ын түвшинд яригдаж эхэллээ | ||
Үзсэн: 1527 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.