
Улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан эмнэлгийн байгууллагуудад ирж буй түгээмэл 10 асуултад эмч, мэргэжилтнүүд хариулт өгчээ.
-Манай улс 1974 оноос хойш улаанбурханы вакцин хийж эхэлсэн, дархлаажуулалтын хамралт 98 хувь, 2014 оны гуравдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ өвчний гаралтыг эрс бууруулж чадсан орон хэмээх батламжийг авсан хэрнээ яагаад дэгдэлт гарах болов?
-Харамсалтай нь улаанбурхан Ази, Африкийн зарим оронд өргөн тархсан өвчин хэвээр байна. Вакцин хийлгээгүй хүмүүс өвчлөл ихтэй орноор аялах, эсвэл ийм орноос халдвартай хүмүүс ирэх замаар улаанбурхан өвчин дэгддэг. Жишээлбэл, одоо манай оронд бий болоод байгаа нөхцөл байдал 2014 оны эхээр Хятад, Филиппин, Вьетнам улсуудад дэгдсэн улаанбурхан өвчний дэгдэлтүүдтэй холбоотой байж болзошгүй.
-Улаанбурхан ямар шинж тэмдгээр илрэх вэ?
-Өвчний нууц үе 10-14 хоног байна. Өвчин ханиад шуухинааны шинж тэмдгээр эхэлнэ. Өндөр халуурах, нус гоожих, ханиах, нүд улайх шинжүүд илэрч эхэлснээс хойш дунджаар 3-5 хоногийн дараагаар нүүрнээс эхлэн улаан өнгийн толбо-гүвдрүүт, барсгар тууралт гарч дээрээс доош үе шаттайгаар бүх биеэр туурна. Арьсаар туурахаас өмнө буюу өвчний 3 дахь хоногт амны салстаар давс эсвэл элсний ширхэг мэт жижиг цагаан толбо гардаг.
-Улаанбурханы хавьталд орсноо мэдсэн даруйд авах арга хэмжээ бий юу?
-Хэрэв вакцин тариулаагүй бол 72 цагийн дотор вакцин тариулж болно. ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад 10 мянган төгрөгийн төлбөртэйгээр вакцин тариулах боломжтой.
-Хүүхдээ улаанбурхан өвчнөөр өвчилсөн байж магадгүй гэж сэжиглэвэл нэн даруй юу хийх вэ?
-Халдвартын түргэн – 100 эсвэл өрхийнхээ эмч, харьяа дүүргийнхээ хүүхдийн түргэн рүү утсаар ярьж илэрч буй шинж тэмдэг, хавьтал, дархлаажуулалтанд хамрагдсан байдал, хавсарсан өвчин эмгэг, байнга хэрэглэдэг эмийн бэлдмэл, уудаг аминдэмийнх нь талаар мэдээлэл өгч зөвөлгөө авах шаардлагатай.
- Улаанбурхан өвчнийг гэртээ хэрхэн эмчлэх вэ?
-Улаанбурхан нь вирусээр үүсгэгддэг өвчин бөгөөд өнөөдрийг хүртэл энэ вирусын эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хэлж байна. Хүндрэлгүй улаанбурхан өвчинг гэрээр шим тэжээл сайтай хоол өгч, шингэн (ус, хярам, хорсол, жимсний шүүс, ургамлын цай, үзэмний шүүс) сайн уулгаж эмчилнэ. Парацетамол уулгаж халууныг бууруулан зовиурыг хөнгөвчилнө. Ханиалгаж буй бол өрөөний агаарыг заавал чийгшүүлнэ. Нүд нь улайж үрэвссэн тохиолдолд хурц тод гэрэл асаахгүй, телевиз үзүүлэхгүй байх нь зүйтэй. А аминдэм уулгах нь өвчний явцыг хөнгөвчлөх болно. Харин хүндрэлтэй өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтүүлж антибиотик эмчилгээ хийнэ.
- Улаанбурхан өвчний аюул нь юу вэ. Ямар хүндрэл гарч болдог вэ?
-Нийт өвчилсөн тохиолдлын 30 орчим хувьд хүндрэл гардаг. Үүнд чихний халдвар (10 хувь), ларингит (10 хувь, суулгалт (10 хувь), уушгины хатгалгаа (5 хувь), тархины үрэвсэл/энцефалит (0,1хувь), ховор тохиолдолд зүрхний үрэвсэл/кардит, сохрох, дүлийрэх зэрэг орно. Иймд хүнд тохиолдолд амьсгалын дутагдал, төвөнхийн бачуурал, усгүйжил, тархи хавагнах, зүрхний дутагдлын шалтгаанаар нас баралт тохиолдох аюултай. Нас баралт 1000 өвчтөнд 1-2 тохиолдоно.
- Улаанбурханы вакцины 2 тунгаа (9 сар, 2 нас) тариулсан байхад энэ өвчнөөс бүрэн хамгаалагдаж чадах уу?
- Энэхүү вакцины 1 тунг тариулахад үр дүн 93 хувь, харин 2 тунг тариулсан тохиолдолд үр дүн нь 97 хувь байдаг. Өөрөөр хэлбэл, 2 тунгаа тариулсан 100 хүүхэд тутмын 3 нь хавьталд орсон тохиолдолд өвчлөх болно. Гэхдээ хөнгөн өвчлөх тул хүндрэл гарах, нас барах аюулгүй.
- Ямар тохиолдолд хүнд өвчлөх вэ?
-Вакцин тариулаагүй 5-аас доош, 20-иос дээш насныхан, түүнчлэн тураалтай буюу дархлаа суларсан, А аминдэмийн дутагдалтай бол хүндээр өвчилдөг. А аминдэмийг тогтмол уулгаснаар улаанбурханы нас баралтыг 50 хувиар бууруулдаг байна.
- Хөхөө хөхөж буй хүүхэд улаанбурханаас хамгаалагдах уу?
- Хэрвээ эх нь өөрөө улаанбурханаар өвчилсөн эсвэл улаанбурханы эсрэг вакцин хийлгэж байсан бол хүүхэд 6-12 сар (дунджаар эхний 9 сар, иймд вакцины эхний тунг 9 сартайд хийдэг) хүртлээ улаан бурханаар өвчлөх магадлал бага. Харин эх улаанбурханаар өвчилж байгаагүй, вакцин тариулаагүй бол хүүхэд нь өвчлөх өндөр эрсдэлтэй.
-Улаанбурханаар өвчилсөн эх хүүхдээ үргэлжлүүлэн хөхүүлж болох уу?
- Болно. Улаанбурханы вирус хөхний сүүгээр халдварлахгүй.
Улаанбурханы талаарх түгээмэл 10 асуултын хариулт | ||
Үзсэн: 1730 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.