МҮОНРТ-ийн уран бүтээлчид Дорноговь аймагт ажиллаж байна. Тодруулбал МҮОНРТ-ийн “Монголын нэг өдөр”, “Эргэх дөрвөн цаг”, “Аяллын цаг”, “Нээлттэй хэлэлцүүлэг” зэрэг бүхий л нэвтрүүлгүүдийг Дорноговь аймгаас бэлтгэн хүргэхээр ажиллаж байгаа юм. Үүний дагуу зургаадугаар сарын 14-ний ням гарагт МҮОНРТ-ийн нэг өдрийн эфирээр Дорноговь аймгаас бэлтгэсэн нэвтрүүлгүүд гарна.
МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа: Энэ удаад илүү онцлогтой уулзалт зохион байгуулж байна
-МҮОНРТ нээлттэй өдөрлөгийг 15 дахь аймаг дээрээ зохион байгуулж байна. “Үзэгч редакцийн уулзалт” гэдэг энэ томоохон үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг. Дорноговь аймгаас 15 дахь удаагаа энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Өмнө нь зөвхөн энэ аймаг орон нутгийн иргэдийн сэтгэгдлийг сонсоод телевиз, радио болон уран бүтээлийн тухай ярилцаж санал шүүмжлэл өрнүүлээд өнгөрдөг байсан бол энэ удаагийнх илүү онцлогтой байгаа. Тодруулбал, бид энэ удаад Дорноговь аймагт өөрсдийнхөө уран бүтээлийг танилцуулахаас гадна аймгийн иргэдтэй илүү ойр ажиллахыг эрхэмлэж байна. Юу гэхээр МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Бадамсамбуу “Аялал жуулчлалын нөөц ба бүтээгдэхүүн”, сэтгүүлч Г.Золжаргал “Өөрийгаа таних нь”, Монголын радиогийн редактор П.Нямлхагва “Аялгуу сайхан монгол хэл мину” сэдвээр лекц уншсан. 80 жилийн түүхтэй Монголын радиог бага зохиолчдын хороо гэж нэрлэдэг. Тэр ч утгаараа радиод маш олон авьяаслаг яруу найрагч, зохиолчид бий. Тэр яруу найрагчдаас бүрдсэн яруу найргийн цэнгүүнийг мөн зохион байгуулж байгаа. Энэ сарын 14-ний өдрийн бүх хөтөлбөрөө бид Дорноговь аймгаас бэлтгэх болно. Үүгээрээ бид МҮОНРТ-ийн уран бүтээлчид болоод үзэгчдийг холбосон гүүрийг үргэлжлүүлж байгаа юм.
МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Золжаргал: Бид очсон газар болгоныхоо нийгмийн асуудалд анхаардаг
-Арилжааны болон төр засгийн бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудаас манай МҮОНРТ ганцаараа ийм өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулдаг. Үүний зорилго нь юу гэхээр нэгдүгээрт, тухайн очсон газар болгондоо нийгмийн асуудал нь юу байна, хоёрдугаарт хүний хөгжлийг дэмжихэд МҮОНРТ нийтлэл нэвтрүүлгийн бодлогоороо юу хийх ёстой вэ гэдгийг харилцан ярьж ойлголцоход оршдог. Мөн орон нутагт байгаа сайн сайхан бүхнийг бусад хүмүүст дэлгэрүүлэх, сурталчилах, ойлгуулах явдал байдаг. Энэ бол гүүр болж байгаа хамгийн чухал ажиллагаа. Анх удаагаа ч хийж байгаа юм биш, өнгөрсөн 20 жилийн хугацаанд бүх аймгуудад бүсчилж хийгээд бараг дуусч байна. Очсон газар бүртээ бид орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт, хүний хөгжил, хүүхэд залуучуудын хөгжил гээд маш олон сэдвийг анхаарч орон нутагт гол анхаарах зүйл юу байдаг вэ гэдгийг гаргаж өгдөг. Нэг өдрийн бүтэн хөтөлбөр явхад энэ орон нутаг, аймгийн талаар бүгдийг мэдэх боломжтой болдог. Энгийнээр хэлэхэд иргэд Нэг цонхны үйлчилгээгээр төрөөс авч болох бүх үйлчилгээг авч болдогтой ижилхэн нэг өдрийн хөтөлбөрөөр тухайн бүс нутагт ямар асуудал тулгарч байгааг мэдэж авах боломжтой болно гэсэн үг. Дорноговь аймаг бол хөгжлийн зангилаа, өрнө дорныг холбосон том суурин газар, тийм учраас одоо хөгжил бол өрнөөс дорно руу, дорноос өрнө рүү яг энэ бүс нутгийг дайрч өнгөрч байгаа учраас энэ зам дээр байгаа хотууд бол суурин хөгжлийн бүтээн байгуулалтын том төв болох ёстой.
Д.Энхтуяа: МҮОНРТ-ийн уран бүтээлчид үзэгчдийг холбосон гүүрийг үргэлжлүүлж байна | ||
Үзсэн: 1974 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.