Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох "Дөрвөн уулын хишиг" барилдааны цуврал "Чингэлтэй хайрханы хишиг" барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.
"Дүнжингарав" дэвжээний таван жилийн ойд зориулан зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрхан”-ы хишиг улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Ч.Санжаадамба, Т.Санчир, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Э.Батбаатар, А.Бямбажав, Э.Оюунболд тэргүүтэй улс, аймгийн алдар цолтнууд зодоглож хүч бяр, авхаалж самбаагаа сорин барилдлаа.
Энэ барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат "Таванхан" дэвжээний бөх улсын аварга Г.Эрхэмбаяр найм даван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат "Увснуур" дэвжээний бөх улсын арслан Н.Батсуурь үзүүрлэлээ. Их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат "Бөхбилэгт" дэвжээний бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат "Түшээт ханы аварга" дэвжээний бөх аймгийн арслан Э.Даш нар шалгаран үлдсэн юм.
Дөрвөн уулын хишиг барилдаанаар МҮБХ-оос 50.000 төгрөгийн азтай үзэгч хоёрыг, хагас саятан үзэгч хоёрыг тус тус шалгаруулж, барилдааны хойморт суусан хүндэт зочид болох дархан аварга Ж.Мөнхбат, А.Сүхбат, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, Л.Сосорбарам, улсын харцага Д.Сэрээтэр, Л.Бадарч, улсын начин Б.Бадам-Очир нарын бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж алд цэнхэр хадагтай мөнгөн аяга барьсан байна.
Чингэлтэй хайрханы барилдаанд Улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүллээ | ||
Үзсэн: 1038 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.