
Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Уг хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг нь эм, эмнэлгийн хүрэлцээтэй холбоотой асуудал байжээ. 2015 оны Төсвийн тухай хуулийн Эрүүл мэнд, спортын салбарын эм, эмнэлгийн төхөөрөмжийн зарим санхүүжилтийг дутуу тооцоолж хийснээс болж хүндрэл үүсээд байгаа. Тодруулбал, зарим эмнэлгүүд эмгүй болж байгаа, нийтдээ эм эмнэлгийн төхөөрөмжийн өр 7.8 тэрбум төгрөгт хүрсэн. Тиймээс энэ асуудлыг төсвөөс яаж нөхөж санхүүжүүлэх талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
Ингэхдээ Эрүүл мэнд, спортын яам Сангийн яамтай харилцан ажилласны дүнд энэ асуудлыг улирлын мөнгөн дүнг шилжүүлэх замаар зохицуулах шийдвэр гаргасан талаар хэлсэн байна. Ингэснээр 2015 оны дөрөвдүгээр улиралд авах ёстой 10 тэрбум төгрөгийн хоёр болон гуравдугаар улиралд шилжүүлээд санхүүжилтээ хийх аж. Харин үлдсэн улирлын санхүүжилтийг ирэх 10 дугаар сард Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэхээр болжээ.
Амгалан дулааны цахилгаан станцад 10 дугаар сараас дулаанаа өгч эхэлнэ
Засгийн газрын хуралдаанаар мөн Амгалан дулааны цахилгаан станцтай холбоотой асуудлын талаар хэлэлцжээ. Амгалан дулааны цахилгаан станцад 106 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн бөгөөд барилгын ажлын явц 92 хувьтай байгаа аж. Наймдугаар сарын 15-нд барилгын ажил дуусч, турших, үйл ажиллагаанд холбох ажиллагаа эхлэх юм байна. Тус станцыг БНХАУ-ын компани байгуулсан. Гэрээнд зааснаар турших үйл ажиллагаанд холбох зардлыг Монголын тал даана гэж тусгасан байна. Тиймээс Хөгжлийн банкнаас дөрөв орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийх шийдвэр гаргажээ. Тус хөрөнгийг 2015 оны Төсвийн хуульд тодотгол оруулах замаар төлөхийг Сангийн сайдад үүрэг болгосон байна. 348 МВ-ын хүчин чадалтай тус станц ирэх аравдугаар сард дулаанаа өгч эхлэх бөгөөд Улаанбаатар хотын зүүн дөрвөн замаас зүүн тийш бүх барилга байгууламжийг дулаанаар хангах юм байна.
4500 айлын орон сууцыг БНХАУ-ын санхүүжилтээр барина
БНХАУ-ын даргыг айлчлах үеэр Монгол Улсын ТОСК, БНХАУ-ын банктай VII хорооллын Г1, Г2 хорооллыг барих төсвийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тус хорооллыг барих санхүүжилтийн 85 хувь буюу 188 сая долларыг БНХАУ-ын банкнаас авах ёстой аж. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар тус 188 сая долларыг Хятад улсаас авч ТОСК-т зээлдүүлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгажээ. Үлдсэн 15 хувийг ТОСК санхүүжүүлэх аж. Тус хороолол Ногоон нуур, Зуун айл орчимд баригдах бөгөөд 4500 айл бүхий 31 барилга байгууламж баригдах юм.
Долоон тэрбумд хүрсэн эм, эмнэлгийн төхөөрөмжийн өрийн асуудлыг цэгцэлнэ | ||
Үзсэн: 1355 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.