
Error loading player: No playable sources found
Засгийн газар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байлгах УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өнгөрсөн баасан гарагт өргөн мэдүүлсэн билээ. Үүний дагуу өнөө өглөө Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Учир нь УИХ дахь МАН-ын бүлэг уг тогтоолын төслийг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллаас гаргаж, хойшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь олонхийн санал дэмжлэг авсан юм.
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийж уг тогтоолын төсөлтэй холбогдуулан салбар хариуцсан сайд Р.Жигжидийн байр суурийг сонсож, нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн үндэслэлийг тодруулах үүднээс энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаас хойшлуулах шийдэлд хүрсэн гэдгээ хэлсэн юм.
Харин УИХ дахь АН-ын бүлэг уг тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа гэдгээ өчигдөр илэрхийлсэн юм. Дашрамд дурдахад, Гацууртын ордыг ашиглах төсөл хэрэгжих хугацаанд нийт борлуулалт 1.769.2 сая ам.доллар, үүнээс авах татвар 265.6 сая ам доллар байх аж. Үүнээс Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр өнөөдрийн үнэ цэнээр бол Засгийн газарт ногдох мөнгөн урсгал нь 159 сая ам.доллар буюу 72.2 хувийн өгөөжтэй бөгөөд хөрөнгө оруулагчдад ногдох мөнгөн урсгал нь 61.3 сая ам.доллар буюу 27.8 хувь болно гэдгийг хэлж байгаа юм.
Гацууртын ордын хэлэлцэх асуудлыг хойшлууллаа | ||
Үзсэн: 1021 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.