Шууд Chart

“Алдарт эхийн одонг хугацаанд нь олгоно”

2010-01-20 03:29:52

     Нийгмийн халамжийн зарим хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эхчүүдэд олгодог мөнгөн тусламжийг олгохгүй гэх  яриа хүмүүсийн дунд тараад байна. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Баярсайханаас тодрууллаа
-Алдарт эхийн одонгийн мөнгийг олгохгүй гэх яриа байна. Энэ үнэн үү?

-Хүмүүсийн дунд ийм нэг яриа мэр сэр гарсан бололтой юм. Үнэнийг хэлэхэд тийм юм байхгүй. Хэмжээ нь ч буураагүй. Наймаас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүд 100.000, таваас дээш хүүхэд төрүүлсэн ээжүүд 50.000 төгрөг авдаг. Энэ мөнгийг жил болгоны хоёрдугаар сард нэг удаа олгодог юм. Өөрөөр хэлбэл ирэх Цагаан сарын өмнөхөн олгох болно. 2009 онд улсын хэмжээнд 132.000 гаруй эхчүүд энэхүү мөнгөн тусламжийг хүртсэн. Харин энэ онд эхчүүдийн тоо тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байгаа.
- Мөнгийг хагас сарын  дараа олгож эхлэх юм байна. Хөрөнгө Төрийн санд төвлөрсөн үү?
-Алдарт эхийн одонгийн мөнгийг энэ жил шинээр авах эхчүүдийн тоог улсын хэмжээнд гаргасан байгаа. Бид энэ талын тооцоо судалгаа, хөрөнгийн хэмжээг гаргаж  жил болгон Сангийн яамаар батлуулдаг юм. Үүний дагуу Сангийн яамнаас Төрийн сан руу  шаардлагатай мөнгийг шилжүүлдэг. Төрийн сан Арилжааны банкуудад хөрөнгийг шилжүүлэх гээд банк хоорондын гүйлгээнээс шалтгаалж нэг хоёр хоногоор цаг хугацаа хойшлохыг  үгүйсгэхгүй. Гэхдээ ирэх хоёрдугаар сарын 8-н гэхэд мөнгө олгогдоно. Бас нэг зүйлийг нэмж хэлэх хэрэгтэй болов уу. Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу иргэн бүрт хишиг, хувь хүртээх Монгол Улсын Засгийн газрын тогтоол батлагдаад удаагүй байна. Энэ ажил ирэх хоёрдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжихээр тусгагдсан. Хүмүүс ч үүнийг сайн мэдэж байгаа. Гэхдээ хүн бүхэнд Цагаан сараас урьтаж мөнгө авна гэсэн ойлголт байх шиг байна.  Эхний ээлжинд бид 1.3 сая хүнд олгохоор төлөвлөсөн. Ямар хүмүүст олгох нь бас тодорхой. Хэрэгжих хугацаа нь ирэх хоёрдугаар сарын 1-н болохоос биш Цагаан сарын өмнө бүгдээрээ мөнгө авна гэж ойлгож болохгүй. Цагаан сарын дараа үргэлжлүүлээд олгоно. Олгох мөнгө бэлэн. Мэдээж мөнгө олгоод эхлэхээр иргэдийн урт дараалал үүсч хаа хаанаа хүндрэл гарч магадгүй. Адаглаад л дөрөвхөн банкинд иргэд олон зуугаараа өглөөнөөс үдэш болтол дугаарлаад эхэлбэл юу болох билээ. Тийм учраас дор бүрнээ хүлээцтэй хандаж, би хожигдчихлоо гэж айх, сандрах хэрэггүй соёлтой үйлчлүүлээрэй гэж хэлье.  Жилд хоёр удаа олгох энэхүү хишгийг иргэн бүр хүртэх нь ойлгомжтой.

 
Х.Эрдэнэбулган
 

Нийтэлсэн: Б.Багабанди

“Алдарт эхийн одонг хугацаанд нь олгоно”  
Үзсэн: 1590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй