УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж эхэлжээ.
Энэ парламент эхний хоёр жилийн хугацаанд Засгийн газрын гишүүнийг огцруулах гээд сандал ширээтэй зууралдсан асуудлыг хэлэлцсэн. Тиймээс одоо УИХ-аар хэлэлцсэн хөрөнгө төсөвтэй холбоотой шийдлүүд хэрхэн ажил хэрэг болж байгаатай танилцаж, тулгамдсан асуудлыг нь цаг алдалгүй шийдвэрлэх нь чухал хэмээн үзэж томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа урагшлуулахаар ажиллаж байгаа юм байна.
Үүний дагуу өнгөрсөн долоо хоногт бүлгийн гишүүд "Шинэ Яармаг" төслийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл өгсөн юм. "Шинэ яармаг” төсөл нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн нэг бөгөөд Улаанбаатар хотын анхны цогцолбор хороолол юм байна. Төсөл үндсэн гурван хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхний хэсгийн 1500 айлын орон сууц, спортын талбай, ногоон байгууламж, худалдаа үйлчилгээ, авто машины зогсоол бүхий цогцоор шийдсэн байна. Хоёрдугаар хэсэг нь 1400 айлын орон сууц гээд адил баригдахаар төлөвлөгдсөн бол гурав дахь хэсэг нь 2000 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль, 300 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв болон олон улсын жишигт хүрсэн эмчилгээ оношилгооны төв, худалдааны төвийн барилга байгууламжаас бүрдэж байгаагаараа онцлогтой ажээ.
Тэрбээр мөн “Тэнд амьдарч байгаа иргэд заавал хотын төв рүү ирж хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөхгүй тэндээ ажлаа хийгээд, хүүхдээ сургаад явах боломж бүрдэх юм. Манай бүлгийн гишүүд хүн рүү чиглэсэн, тав тухтай орчинд сурч боловсорч, ажиллаж амьдрахын анхдагч суурь болсон орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна” гэлээ.
Дашрамд дурдахад, "Шинэ Яармаг" төслийг хэрэгжүүлэхээр санхүүжилт босгох "Зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийг БНХАУ-ын Экспорт-Импорт банктай байгуулж, Засгийн газрын 2015 оны 11 дүгээр тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банк баталгаа гаргаж, ТОСК-иар дамжуулан 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байна. Мөн барилгын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд ирэх оны хоёрдугаар улиралд багтан эхний хэсгийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ.
С.Одонтуяа: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа урагшлуулна | ||
Үзсэн: 832 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.