Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2015-06-13 06:51:12

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.   



Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульцийн урилгаар энэ сарын 8-10-нд Европын Парламентад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Европын Парламентын нэгдсэн хуралдаанд үг хэлсэн юм. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг ЭНДЭЭС бүрэн эхээр нь уншина уу. 



Энэ долоо хоногийн “Шийдлийн цаг” уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг урьж оролцуулж, "Харвони" эмийн талаар мэдээлэл авлаа. АНУ-ын “Gilead Sciences” биотехнологийн компани С вирусын халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд зориулсан "Харвони" гэж эм гаргасныг АНУ-ын Хүнс, эмийн зөвлөл өнгөрсөн оны аравдугаар сард бүртгэжээ. 98-99 хувийн эмчилгээний үр дүн үзүүлж буй "Харвони" эмийг АНУ, Европын  холбооны 30 гаруй улс, Канад, Швейцарь, Шинэ Зеланд, Турк, Египет зэрэг улс оронд хэрэглэж байгаа аж. "Харвони" эмийг өвчлөлийн байдлаас шалтгаалан 1-3 сарын турш өдөрт нэг ширхэгийг ууж хэрэглэдэг. Интерферон, рибавирин зэрэг эм, тариатай хавсарч хэрэглэх шаардлагагүй, хепатит С вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эм юм байна. Америкийн зах зээл дээр гурван сарын курс эмчилгээний үнэ нь 94 мянган ам.доллар байгаа. Харин манай улс нэн хөнгөлөлттэй буюу нэг сарын эмчилгээний эмийг 400, гурван сарынхыг 1200 ам.доллараар оруулж ирэхээр гэрээлжээ. Элэгний С вирус эмчлэх "Совалди", "Харвони" эмийн танилцуулгыг ЭНДЭЭС унших боломжтой.



Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Коронавируст халдвараас сэргийлэхийн тулд дараах зөвлөгөөг хүргүүлж байна. Онцын шаардлагагүй бол Бүгд Найрамдах Солонгос, Хятад улсад зорчихгүй байх, гараа сайтар савандаж угаах, ариутгах /санитол хэрэглэх/, түүхий сүү, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, биеийн эсэргүүцэл сайжруулах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх, зэрлэг амьтадтай харьцахгүй байх, амьтны захаар явахгүй байх, халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандахыг анхааруулав.  



Энэ зун нийслэлд халуун ус таслах хуваарь гарсан байна. Хуваарийг ЭНДЭЭС хараарай.



Сүүлийн үед хүнсний зах, дэлгүүрүүд килограммаар савласан бууз, баншийг ихээр борлуулах болсон. Хэдийгээр килограммын бууз, банш ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэ хямд ч эрсдэл дагуулж байгааг мэргэжлийн хүн хэлж байна. Тодруулбал, юуны махаар, ямар гурилаар, хэн, хаана хийсэн нь тодорхойгүй байдаг учир иргэд анхаарал болгоомжтой хандаж, эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөлөө.



Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийг зургаадугаар сарын 14-ний ням гарагт зохион байгуулах гэж байна. Тиймээс Налайх дүүргийн оршин суугчид та бүхэн мөн өдрийн 07:00-22:00 цагийн хооронд өөрийн харьяа хэсгийн хорооны санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж Налайх хотын Захирагчийн анхдугаар сонгуульд идэвхитэй оролцохыг уриалъя.



Төв цэвэрлэх байгууламжийг засварлах ажил өчигдөр 00:00 цагаас эхэлсэн. Ямар нэгэн хүндрэл гарахгүй бол засварын ажлыг 24 цагийн хугацаанд дуусгахаар төлөвлөж байгаа. Засварын ажлын үеэр орон сууцны хэрэглэгчдийн усны хэрэглээг бууруулж, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн гэх мэт шаардлагатайгаас бусад үйлдвэрүүдийн усыг тасална. 



Одоо уншигч та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. Өнөөдөр газар тариалангийн нутгаар өдөртөө хална. Зургаадугаар сарын 14-нд баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд, 15-нд төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Их нууруудын хотгор болон говийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 17-нд баруун зүгийн нутгаар сэрүүснэ. Та бүхэн энэ сарын цаг агаарын ерөнхий төлөвийг ЭНДЭЭС  уншиж, амралт зугаалгаа зохицуулаарай.  

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 1868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-06-13 16:47
bayrlalaa. saihan medeelel awlaa

Бидэнтэй нэгдээрэй