Шууд Chart

“Сандэй” худалдааны төв үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байжээ

2013-08-31 15:25:58

Өнгөрсөн шөнө гал гарсан “Сандэй” худалдааны төв нь 2009 онд ашиглалтад орсон, долоон давхар, төмөр бетонон караказан хийцтэй, хөөсөнцөр дулаалгатай, ханыг хөнгөн блокоор барьсан, сэндвичин ханатай, авралтын гурван гарцтай барилга юм. Тус төвд гарсан галыг унтраахаар НОБГ-ын гал унтраах гурван анги, мөн гэрэл холбооны автомашин, шатны автомашин нэмэлтээр ажиллажээ. Онцгой байдлын албадаас “Сандэй” худалдааны төв байгуулагдсан цагаас нь хойш галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалт хийж, 2010, 2011, 2013 онд хариуцлага тооцож байсан бөгөөд шалгалтаар нэлээд зөрчил илэрсэн байдаг.

Тодруулбал, тус худалдааны төв нь анхны зураг төслийн дагуу баригдаагүй, барилгын зураг төслийг өөрчлөхдөө холбогдох байгууллагуудад мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй, авралтын зам гарцыг хаасан, урсдаг шат болон хоёр талын шатыг хааж лангуу байрлуулсан, шатны хонгилуудад утаа үл нэвтрэх хаалт хийгээгүй болох нь илэрч байжээ. Мөн гадна талын нүүрний хэсэг буюу бүх цонхыг төмөр хийцээр хааж, торлосон нь гаднаас нь авралтын ажиллагаа явуулах боломжгүй болгож байгаа ажээ. Зарим газарт цахилгааны монтаж, холболт хийгээгүй, гал мэдрэгч суурилуулсан хэрнээ гал унтраах төхөөрөмж суурилуулаагүй байна.

Мөн ослын үед гарцыг заах ослын гэрэлтүүлэггүй байсан бөгөөд  энэ нь ослын үед хүн ам олноор үрэгдэх үндэс болдог ажээ. Мөн худалдааны төвд гал унтраах усан хангамж байхгүй байжээ. 2013 оны дөрөвдүгээр сард эрх бүхий байгууллагаас тус худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарган хүргүүлсэн ч “Сандэй” худалдааны төвийн үйл ажиллагаагаа зогсоогоогүй өнөөг хүртэл ажиллаж байжээ.

Нийтэлсэн: М.Тодбэх

“Сандэй” худалдааны төв үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байжээ  
Үзсэн: 3146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2013-09-01 05:57
чанаргүй баригдсан , хүлээн авах ёсгүй байсан орон сууцыг " шаардлага хангасан "гэж улсын мэрэгжлийн комисс хүлээн авсан бол оршин суугчдад учирсан хохирлыг комисс хариуцах нь зөв байх , улсын комисс оршин суугчдад учирсан хохирлыг төлж, эргээд өөрөө тэр барилгын компаниудаас мөнгийг нь нөхөн гаргуулж авч байвал чанаргүй барилгыг комисс хүлээн авахаа болих байх
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2013-09-01 05:51
ийм зэргийн зөрчлийг таслан зогсоож чадахгүй бол хяналт байх хэрэггүй, холбогдох байгууллага нь шаардах бичиг өгсөн, зогсоох шийдвэр гаргасан хэрнээ бодит байдлаар хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд хяналтын байгууллага өөрөө хариуцлага алдсан гэж л үзэх нь зөв болов уу. Тйим болохоор "бичиг өгсөн " " шийдвэр гаргасан " байдал хяналтын байгууллагыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл юм биш. Олон хүний амь настай холбоотой асуудал шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй