Шууд Chart

Галууд наадмын бэлтгэлдээ гараад эхэлжээ

2015-06-18 12:44:45

Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Баяр наадамд зодоглох бөхчүүд, бөхийн галууд наадмынхаа бэлтгэлд гарсан ч хараахан жигдрээгүй байна. Ихэнх галууд "Бүх цэргийн наадам"-ын дараагаас бэлтгэлдээ гараад байгаа юм.

Засагт хан дэвжээ /Завхан/

Завхан аймгийн Засагт ханы Завхан дэвжээний гал  6-р сарын эхээр Сүүж уулын аманд гарсан. Улсын гарьд Б.Гончигдамба ахалж хэсэг залуусын хамт гарч, араас нь бусад нь гараад байна. Энэ галд улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр,  улсын начин Л.Нямсүрэн, Л.Лха-Очир, аймгийн арслан Д.Батжаргал, М.Баярсайхан, Ш.Пүрэвгарьд, аймгийн заан Т.Бэгзсүрэн нарын бөхчүүд багтаж байна. Галын ахлагчаар улсын гарьд Б.Гончигдамба, багш дасгалжуулагчаар улсын начин Ж.Оргил, аймгийн арслан Ж.Сүхбат нар ажиллаж байгаа юм байна. Өнөөдөр Завхан аймагт "Аваргын адислал" барилдаан болж байгаа бөгөөд улсын начин Л.Лха-Очир, аймгийн арслан Ж.Сүхбат, Ш.Пүрэвгарьд, Б.Чимэдвандан нарын арслангууд нутагтаа барилдаж байна.

Таванхан дэвжээ /Сэлэнгэ/             

Сэлэнгэ аймгийн "Таванхан"-ынхан зургаа дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Гүннуурын эрэгт  гараад байна. Таванхан дэвжээг улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахалсан бол энэ галд аймгийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан Ж.Галбадрах, Б.Уугандава, аймгийн заан Э.Саранбаатар, Б.Одсүрэн, аймгийн начин Н.Энхжаргал, М.Жаргалсайхан, И.Отгонбаатар, Д.Төрболд нарын 40-өөд бөх гарчээ. Мөн ОХУ-н Буриад улсын үндэсний бөхийн аварга Балдан, Зоригт нар болон ӨМӨЗО-н Хөлөнбуйр аймгийн барга бөхийн аварга Хур нар урилгаар ирж хамтарсан бэлтгэл хийх юм байна.  Аймгийн заан Б.Эрдэнэбаяр, аймгийн начин Н.Баярбаатар нар Улсын аварга Г.Эрхэмбаяртай Төрхурахын аманд гараад байгаа юм байна.

Хутагтын хүчтэн дэвжээ
/Дорноговь/

Дорноговь аймгийн Хутагтын хүчтэн дэвжээнийхэн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт Бүрдэнэ гэдэг газар 6 сарын 7-ноос наадмынхаа бэлтгэлийг базааж байна. Тус галыг улсын харцага А.Цацабшир ахалж аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, аймгийн арслан Г.Буянжаргал, аймгийн заан Б.Батзориг нарын бөхчүүд багтаж байна. Энэ сарын 20-ноос Сүүж уулын аманд бэлтгэлээ үргэлжлүүлэн базаах ажээ.

Мөн энэ сарын 15-нд Хантайширынхан  "Гео мандал"-д, Булганхангайн хүчтэнүүд Бугын САА-д, Увсынхан хуучиндаа, Бөхбилэгтийнхэн /өнөөдрөөс/ хуучиндаа гараад байгаа бол Ховдынхон Бугын САА, Сүүж, Эрдэнэт гээд гурав хуваагдаж, Бес богда бүргэдийнхэн мөн хэд хэд хуваагдаж гарах аж.

                                                                                                   МҮБХ

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Галууд наадмын бэлтгэлдээ гараад эхэлжээ  
Үзсэн: 2150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй